Хугацаа нь дууссан, эмийг байгальд хоргүйгээр устгаж байна

Эмийн хаягдал нь байгаль орчинд ноцтой хор хохирол учруулдаг ч энэ талаар бид төдийлөн анхаарч бас мэддэггүй.

Тиймээс эмийн хаягдлыг зөв устгалд оруулах талаар Швед улсын туршлагаас хуваалцая.

Шведийн Анагаах Ухааны Агентлагийн тооцоогоор жил бүр 1,500 тонн эмийг хэрэглэх, түгээхтэй холбоотойгоор Швед улсад хаяж, устгадаг гэсэн тооцоо байдаг.

Ихэнх нь зохих ёсоор хаягдсан боловч 250 орчим тонн нь бохир ус руу хаягддаг эсвэл ахуйн хог хаягдлаар хаягддаг байна. Энэ нь хүрээлэн буй орчин, байгаль дэлхийд ноцтой хохирол учруулж, хөрс, усыг ихээр бохирдуулдаг ажээ.

Швед улсад хугацаа нь дууссан эм, үлдэгдэл эмийг иргэд ойролцоох эмийн сангуудад буцаан өгдөг бөгөөд эмийн сан цааш ном журмын дагуу устгалд оруулдаг. Иймэрхүү жишгээр дэлхийн маш олон оронд эмийн хог хаягдлыг иргэдтэйгээ нийлэн зохистой устгалд оруулдаг аж.

Харин бид юу хийж чадах вэ?

Энэ мэдээллийг уншаад та ингэж бодож байгаа бол, таны гэрийн эмийн санд хугацаа нь дууссан, эсвэл хэзээ хугацаа нь дуусах нь тодорхойгүй, нэр нь үл мэдэгдэх, эмийн үлдэгдэл зэрэг байгаа бол, үүнийгээ хаана хаяхаа мэдэхгүй байгаа бол та доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Манай улс иргэдээс эмийн хаягдлыг авч эхэлжээ

Азийн сан, Каритас Чех Репаблик олон улсын байгууллагуудын хамтарсан 3R буюу хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах төслийн уралдаанд шалгаран, сайн дурын залуусын оролцоотойгоор “3 % эмийн хаягдлыг ангилцгаая” төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн байна. Уг төслийн зорилго иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах дадал бий болгох, ялангуяа аюултай хог хаягдлын талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэж, эмийн зөв зохистой хэрэглээг сурталчилснаар хүрээлэн буй орчинд нөлөөлөх эмийн хаягдлын сөрөг нөлөөллийг бууруулах.

Эдгээр залуусын ачаар одоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 9 салбар эмийн сан хугацаа нь дууссан, цаашид хэрэглэгдэх боломжгүй болсон эмийг иргэдээс авч, байгальд хоргүйгээр устгах үйл ажиллагааг явуулж байна.

Үүнд:

  1. Марал төвийн эмийн сан – Баянзүрх дүүргийн эмнэлгийн эсрэг талд
  2. Элэгний төв – 13 дугаар хорооллын дунд зам, Далай тауэр 2 дугаар давхар
  3. Ач фарм – 10 дугаар хорооллын автобусны буудлын урд
  4. Ач фарм – Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хойно
  5. Ач фарм – 7 буудлаас Чингэлтэй рүү өгсөх замд
  6. Эко ногоон фарм – Дарь эх Тоосгоны үйлдвэр
  7. Нил фарм – Гэмтлийн эмнэлгийн зүүн талд
  8. Нил фарм – Баянзүрх дүүргийн баруун талд
  9. Монос эмийн сан – Ачтан эмнэлгийн зүүн талд

Та эдгээр эмийн сангуудад эмийн хаягдлаа өгч зөв устгалд оруулаарай. Мөн та дэлгэрэнгүй мэдээллийг “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” фейсбүүк хуудаснаас авч байгаарай.

Эмний зохисгүй хэрэглээнээс хэрхэн сэргийлэх вэ?:

  • Эмчийн жорыг зөв дагах
  • Шаардлагатай хэмжээнээс илүү хэмжээгээр худалдан авахгүй байх
  • Мэргэжлийн бус хүнээс эмийн зөвлөгөө аль болох авахгүй байх
  • Сар бүр эмийн сангаа цэгцэлж, хугацааг шалгаж байх
  • Хугацаа нь дууссан эмийг зөв устгалд оруулж байх
  • Хугацаа нь дуусаагүй ч өнгө, үнэр, бүтэц нь өөрчлөгдсөн эмийг хэрэглэхээс зайлсхийх

Эмийг зөв хадгалах:

  • Эмийн хайрцаг дээрх зааврыг сайтар уншиж танилцан, хадгалах горимыг баримтлах,
  • Хуурай, сэрүүн газар хадгална.

Ингэхдээ 15 хэм хүртэлх дулаантай газар тосон түрхлэг, лаа гэх мэт бэлдмэлийг хадгална. Харин 25 хүртэлх хэмд ердийн эмнүүдийг хадгалж болох бөгөөд үүнд шахмал болон капсултай эм, дотуур болон гадуур хэрэглэх, ургамлын гаралтай эм зэрэг багтана. Харин хөргөгчний хаалганд спирт агуулсан эм бэлдмэл, найруулсан эм, сиропон эм, цус цусан бүтээгдэхүүнийг хадгална.

Эмийг:

  • Угаалгын өрөө гэх мэт чийгтэй газар хадгалахгүй байх.
  • Хүүхдийн гараас хол байлгах,
  • Саван дотор нь хөвөн хийсэн эмийг задалсан даруйдаа хөвөнг гаргаж авна. Учир нь хөвөн чийг шингээж улмаар шилэнд савтай эмэнд чийг үүсгэдэг.
  • Тээврийн хэрэгсэлд эм хадгалахгүй байх. Учир нь хэт халах болон хөрөх эрсдэлтэй.
  • Эмийг аль болох өөрийн сав, хайрцагт хадгалах. Ингэснээр та зааврыг мартах, андуурах гэх мэт эрсдлээс хамгаалж чадна.

Эмний хугацааг шалга:

Бидний эргэлздэг нэг зүйл бол импортоор орж ирсэн эм бэлдмэл дээрх дуусах хугацааны тэмдэглэгээ.

Улс орнуудын бараа бүтээгдэхүүн (эм бэлдмэл мөн багтана) дээрх хугацааны тэмдэглэгээг хүргэж байна. Жишээ болгон цөөн улс орныг дурдав.

өдөр/сар/жил – dd/mm/yy дарааллаар тэмдэглэдэг улс орнууд

  • Итали, Украйн, Бразил, Турк, Индонез, Тайланд, Шинэ Зеланд, Австрали гэх мэт.

жил/сар/өдөр – yy/mm/dd дарааллаар тэмдэглэдэг улс орнууд

  • Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Канад, Хойд Солонгос, Тайван, Унгар,

өдөр/сар/жил – dd/mm/yy, жил/сар/өдөр – yy/mm/dd дарааллаар тэмдэглэдэг улс орнууд

  • Энэтхэг, Орос, Виетнам, Герман, Франц, Их Британи, Испани, Польш гэх мэт.

өдөр/сар/жил – dd/mm/yy, сар/өдөр/жил – mm/dd/yy дарааллаар тэмдэглэдэг улс орнууд

  • Филиппин, Малайз гэх мэт.

сар/өдөр/жил – mm/dd/yy, жил/сар/өдөр – yy/mm/dd дарааллаар тэмдэглэдэг улс

  • Америкийн Нэгдсэн Улс.

 

+ There are no comments

Add yours