Ш.Батхүү нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсанаар өнөөдөр шүүх хуралдааныг явуулж байгаа билээ.

“Жаст” группын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгагдаж байна.

Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон хэрэг, мөн Эдуард Сүрэн болон Г.Алтантай нийлэн үйлдсэн гэх залилангийн хэрэг зэрэг, Мах маркет ХХК”, “Жаст ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа, “Жаст” групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан зэрэг 7 залилан, луйврын хэрэг үйлдсэн гэж байна.

Эдгээр үйлдэлд прокуророос дараахи байдлаар яллахаар дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлжээ. Үүнд:

Ш.Батхүү нь Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, төлбөр төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1, 23.2.1,21.1.1, 17.3.2.2.1,18.6.2.2 , 22.12.1,23.2.2 зүйл ангиар тус тус буруутгагдаад байна.

+ There are no comments

Add yours