УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

“Ерөнхийлөгчийн хориг дээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах зарим эрхийг хязгаарлахыг өөрөө зөвшөөрсөн байгаа. Эрүү, Иргэний, Төсөв Санхүүгийн гээд мэргэжлийн өндөр түвшинд боловсруулах шаардлагатай, зөрчилгүйгээр боловсруулах асуудлуудыг зөвхөн УИХ, Засгийн газар санаачилдаг байхаар хязгаарлахыг зөвшөөрч байна.

Хэтэрхий өргөн буюу ҮХ-ийн 33.1-т заасан Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийн хүрээнд л хууль санаачилна гээд хязгаарлачихаар нэг талаараа их өргөн болчихож байгаа. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд бүх хуулийг санаачилж болох юм шиг. Нөгөө талаасаа зөвхөн зэвсэгт хүчин, гадаад харилцааны тухай хууль санаачилж болохоор юм шиг хоёр салаа утгатай байгаа учраас үүнийг мэргэжлийн байнгын хороод хүлээж аваад, зөвхөн УИХ, ЗГ санаачлах хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй гэдэг агуулгаар өөрчлөн найруулж явна” гэсэн нэмэлт тайлбарыг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

ШУУД ҮЗЭХ:

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бямбацогт тайлбар хийхдээ “Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-т заасан бүрэн эрхээсээ гадна 44 хуулиар бүрэн эрхүүдийг нэмээд авсан байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг үндсэн шалтгаан бол энэ байсан. Засаглалын тогтолцоог боловсронгуй, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгоё гэдэг шалтгаан энэ байсан.

Энэ хүрээндээ УИХ-ын тухай хуулийг баталсан. Батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах нь зүйтэй юм байна гэж УИХ-ын тухай хуульд оруулсан. Гэхдээ энэ нь хэт хязгаарласан болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаараас илүү дордуулсан зүйл болчихжээ. Энийг УИХ-ын гишүүдтэй адилхан болгоё гэсэн саналыг Ерөнхийлөгч гаргаж, өөрөө хориг тавьсан. Үүнийг хэлэлцье гэж байгаа юм” гэлээ.

+ There are no comments

Add yours