Эцэг эхчүүд ном худалдан авахдаа юуг анхаарах вэ

Ерөнхий боловсролын сургуульд зөвхөн яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичгийг хэрэглэдэг.

Гэтэл ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэгддэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээх тохиолдол гарч байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу бусдад бэлэглэхдээ зураг, чимэглэл, үг хэллэгийн зохистой байдал, хүмүүжлийн ач холбогдол, нөлөөллийг нь анхаарч, хариуцлагатай хандаж, ирээдүй үеийнхээ оюун санааг хайрлан хамгаалахыг зөвлөж байна.

Сурах бичгийг 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээлээр худалдаалахаа больсон.

  • Бага ангийн сурагчдыг 100 хувь,
  • Дунд, ахлах ангийн сурагчдын дэмжлэг шаардлагатай тодорхой хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангадаг.

Үлдсэн сурагчдын хувьд сурах бичгээ сургуулийн номын сангаас төлбөртэй ашиглаж, хичээлийн жилийн төгсгөлд буцаан өгдөг. Төлбөртэй үйлчилгээний хөлс нь дараа жилийн нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх санхүүжилтийн эх үүсвэр болдог хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сурах бичгийг сургуулиудад хэзээ хүргэх талаар НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсээс “Энэ жил 1-5 дугаар ангийн 172,316 ширхэг сурах бичгийг долдугаар сарын 21-нээс сургуулиудад хүргэж эхэлсэн. Дунд болон ахлах ангийнхны 40 хувь буюу зорилтот бүлгийн сурагчдыг сурах бичгээр мөн хангадаг.

Ирж буй хичээлийн жилд 147,571 сурах бичгийг хэвлэж байгаа. Есдүгээр сарын 1-нээс өмнө тарааж дуусна” хэмээн мэдээлж байв.

+ There are no comments

Add yours