Л.Мөнхтүшиг: УОК-т ирсэн хандиваас хилийн чанадад буй иргэдэд хандивлана

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

Өчигдөр буюу наймдугаар сарын 17-нд УОК-ын даргын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу наймдугаар сарын 15 дахь нислэгийг үйлдэхээр болсон. Хонгконг руу тусгай үүргийн нэг нислэг нэмэлтээр явуулах зөвшөөрөл авсан тул иргэдэд мэдээлэл хүргэж, зорчигчдын бүртгэлийг хийж байна. Цаг хугацааг нь тулгасан мэт боловч зөвшөөрөл авахад хугацаа их зарцуулсан. Хонгконгийн нислэгээр дамжуулан Малайз, Тайвань, Бангконг, бүр цаашилбал АНУ, Австралид гацаад буй цөөн монголчууд транзитаар ирэх боломж үүсэх юм. Хонгконгийн нислэгээр ирэх иргэд сая дурдсан цэгээс нэг захиалгаар онгоцны билетээ авах боломжийг нээж өгч байна. Өнөөдөр энэ цагт БНХАУ-аас буцах хүсэлтээ гаргасан 140 гаруй иргэн бий. Тэднийг Эрээн-Замын-Үүд боомтоор татан авах ажиллагаа үргэлжилнэ.

АНУ руу агаарын хэлэлцээргүй ч хоёр нислэг хийсэн. Энэ нислэгүүдээр ирсэн иргэдээс нэмэлт төлбөр авсан зүйл байхгүй. Авлига өгсөн, нэхсэн, авсан тухай мэдээллээ бидэнд өгөөд, хариуцлага тооцуулах боломж олгоорой. Маш олон гомдол ирсэн ч баталгаатай, нотлогдсон үйлдэл илрээгүй.

Долоодугаар сарын 17-ноос эхлэн нутаг буцах хүсэлтэй иргэдийн нэрсийг олон нийтэд ил болгосон. Буцах хүсэлт гаргасан иргэдийн дунд хүндэтгэн үзэх таван шалтгаантай иргэдийн тоо 30 хувьд хүрэхгүй байна. Улсын онцгой комисст ирсэн хандивын тодорхой хэсгийг Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах санд хандивлах шийдвэр гаргасан. Тухайн хүмүүсийг зорилтот бүлэг болгон тодорхойлж, хандив тусламж өгч, эх оронд нь авч ирэх ажлыг судалж байна.

ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:

Наймдугаар сард найман удаагийн нислэг үйлдэж, нийт 2382 хүнийг татан авлаа. Үүнд, эрүүл мэндийн шалтгаантай 137 иргэн, өндөр настан 189, хөгжлийн бэрхшээлтэй 10, жирэмсэн 71 хүн, бага насны хүүхэд 264, бусад шалтгаантай 1316 иргэн багтаж буй. Хилийн боомтоор нийт 6347 иргэнийг татан авсан бол 55 удаагийн агаарын нислэгээр 11.300 иргэнийг татан авчээ. Нийтдээ 17.478 иргэнийг эх орондоо авч ирсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар дахь тусгаарлах байранд 3046 иргэн байгаа бол орон нутаг 446 иргэн, нийт 3492 иргэн тусгаарлагдаж байна. Нийслэл хотод гэрийн ажиглалтад 1324 иргэн, орон нутагт 535 иргэн байгаа бол нийт 1861 иргэн гэрийн ажиглалтад байна. Ажиглалтын хугацаа дууссан 12.392 иргэн буй.

Шуурхай штабад өнгөрсөн хугацаанд нийт 14.954 өргөдөл ирсэн. Үүнийг 8951 өргөдлийг цахим бүртгэлд бүртгүүлж, хяналтад аваад байна. Тухайн нислэгт ямар буудал суларч таарна түүнд иргэдийг байлгаж, тусгаарладаг. Жишээлбэл, “Мичид” зочид буудал наймдугаар сарын 1-ний өдөр гадаадаас иргэдээ хүлээн авсан бол наймдугаар сарын 22-нд суларч, дараагийн нислэгийн хүмүүсийг хүлээн авдаг. Шуурхай штабт таньдаг хүн нь байгаа гэсэн хандлагаар битгий хандаарай.

Бидний дунд өгөө авааны асуудалд холбогдсон хүн байхгүй. Энд тагнуул, цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж буй. Монгол нэг оюутан бидэнд “ОХУ-ын их сургуульдаа ирж суралцаач ээ” гэдэг бичиг үзүүлж, улсын хилээр гарсан ч хил нэвтрүүлээгүй. Шалтгааныг нь судалбал, ОХУ-ын Засгийн газрын шийдвэр гараагүй учраас хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг мэдэгдсэн. Тиймээс тухайн иргэн хоёр талын зардал мөнгөөр хохирсон.

+ There are no comments

Add yours