Цар тахлын улмаас Их Британийн эдийн засаг түүхэндээ хамгийн гүн хямарчээ

Их Британи улсын эдийн засаг тоон үзүүлэлтүүдээ бүртгэж эхэлсэн 1955 оноос хойших хамгийн гүн хямралтай тулгарсныг өнөөдөр зарласан статистик мэдээлэл харуулжээ.

Хамгийн сүүлд 2008 оны санхүүгийн хямралын үеэр Британийн эдийн засаг ингэж унаж байсан юм.

Энэ оны хоёрдугаар улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20.4 хувиар буурсан нь 1955 оноос хойших хугацааны хамгийн гүн уналт болжээ.

Нэгдүгээр улиралд энэ үзүүлэлт 2.2 хувиар буурч байв.

Эдийн засагчид хоёр улирал дараалан дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ агшихыг албан ёсоор эдийн засгийн хямрал гэж үздэг.

Британид гуравдугаар сард коронавирусийн тахал дэгдэж, бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоож байв. Дөрөвдүгээр сард тус улс бүтэн хорио цээрийн дэглэмд байсан тул эдийн засаг нь хамгийн их унасан байна.

Харин тав, зургаадугаар саруудад бага багаар сэргэж эхэлжээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын уналтыг дараагийн саруудын сэргэлт нөхөх боломжгүй байв.

Өнөөдрийн байдлаар Их Британид коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 313,402 хүрч, 46,611 хүн нас бараад байна. Нас барсан хүний тоо нь дэлхийд дөрөвт бичигдэх, Европ тивд нэгдүгээрт бичигдэх муу үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

+ There are no comments

Add yours