Анхны бодит загварын шоуг Louis Vuitton Хятадад зохион байгууллаа

Диор, Гермес зэрэг Францын тансаг зэрэглэлийн хамгийн том загварын фирмүүд 2021 оны хавар, зуны загваруудаа өнгөрсөн сарын загварын долоо хоногт зөвхөн цахимаар танилцуулаад өнгөрсөн билээ. Гэвч загварын цахим долоо хоногт Louis Vuitton оролцсонгүй.

Louis Vuitton загварын цахим долоо хоногт оролцож, шинэ загваруудаа танилцуулахын оронд чингэлэг дүүрэн усан онгоцоор Сейн голд аялж яваа хүүхэлдэйн киноны дүрүүдийг харуулсан богино бичлэг л нийтэлсэн юм. Тэгвэл чингэлэг дүүрэн усан онгоц бэлгэдлийн талаасаа ч, бодитоор ч өдгөө Шанхайд хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт тус бренд 2021 оны хавар зуны “Шилэн доторх захиа” нэртэй эрчүүдийн загварын цуглуулгаа Хуанпу голын эрэг дээр толилууллаа. Хэдийгээр брендийн захирал Виржил Абло хил нээгээгүйгээс болоод шоунд биечлэн оролцож чадаагүй ч түүний гайхалтай эрч хүч, үзэл бодол, мэдрэмж бүхэн моделиудынх нь өмссөн хувцаснаас нэвт шувт мэдрэгдэж байсан юм.

Хэдий шоунд үзэгчдийг нээлттэй оролцуулалгүй брендийн инстаграм хуудсаар шууд дамжуулан зохион байгуулсан ч энэ удаагийн шоу цар тахлаас хойш дэлхий даяар моделиудад хувцсаа бодитоор өмсүүлж, загварын тайзан дээр алхуулсан анхны шоу болж байна.

Шоуг амьдаар үзэхийг хүссэн цөөн тооны онцгой зочдыг эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамруулан нэвтрүүлсэн аж. Ийнхүү шоуг үзэж суухдаа маск зүүсэн хүн тун цөөхөн байх агаад “Энгийн амьдралдаа эргээд орсон юм шиг сайхан байна” хэмээн тэд ам сайтай байна.

Европ загварын шоуг үнэндээ хориглоогүй хэдий ч эрүүл ахуйн шаардлага, зай барих зэрэг дүрмүүд загварын шоутай яагаад ч зохицохгүй зүйл юм.

Харин БНХАУ-д бол маш олон төрлийн хорио суларч, зарим амьд шоу хэвийн зохион байгуулагдаж эхэлсэн байна. Учир нь БНХАУ-д шинэ халдварын тоо эрс буурч байгаа аж. Жишээ нь, дээрх загварын шоу зохион байгуулагдсан өдөр Шанхайд халдвар авсан долоон шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь ч дотроосоо биш гэнэ.

Тиймээс уг шоу БНХАУ-д тансаг зэрэглэлийн бизнес эргэн сэргэх цаг болсны илрэл болж, бизнес эрхлэгчдийг ханцуй шамлан ажилдаа эргэн орохыг уриалсан маш том уриалга боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: CNN

+ There are no comments

Add yours