Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв.

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан нь цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгааг хэлж байлаа. Энэ онд нийслэлд хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтын талаар хийсэн товч танилцуулгадаа НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх 598 төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулагдсан 378 ажил 64 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Худалдан авах ажиллагааны шатанд байгаа 134 ажил байна” хэмээв.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүнд боллоо. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдоод байгаа хүндрэл биш. Тэр ч утгаараа төсвийн тодотгол улсын хэмжээнд хийхээр болж байна. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил бол ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах, дээр нь нэмээд өнөөгийнх нь нөхцөл байдлаас дордуулахгүй байхын тулд хэд хэдэн төрлийн татварын хураамжаас чөлөөлсөн. Төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд мэдээж бий. Гэхдээ бид иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг бууруулахгүй байхад анхаарч ажиллаж байна. Төсвийн тодотгол хийхэд зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт холбогдох газрууд анхаарч ажиллах хэрэгтэй. Хэмнэж болох бүх зардлуудаа болох хэмжээнд нь хүртэл хэмнэх шаардлагатай. Нийгмийн суурь үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлуудаа эхлээд тооцож гаргах нь зүйтэй. Гэхдээ энд бас тодорхой хязгаарлалтууд тавина. Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээр болсонтой холбогдуулан хүүхдийн халдвар хамгааллын дэглэмд анхаарч, энд шаардагдах тодорхой зардлуудыг зайлшгүй гаргаж ёстой” гээд цаашид эдийн засгийг дээшлүүлж болох ямар арга хэмжээнүүд байна гэдгийг албан ёсоор нэгтгэж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өгсөн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.