УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн лхагва гаригт захирамж гаргалаа. Монгол Улсын Их хурлын даргын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-ноос 31-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон юм. Ээлжит бус чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр тогтжээ:
  1. Монгол Улсыг хөгжүүлэх, таван жилийн үндсэн чиглэлийн төсөл,
  2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл,
  3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан,
  5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,
  6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,
  7. Монгол Улсын Их хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг,
  8. “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл,
  9. “Монгол Улсын Их хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжид “Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2020 оны наймдугаар сарын 17-ны Даваа гаригийн 09.00 цагт эхлэхээр товлосугай” гэжээ.

Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах тогтоол батална

УИХ-ын дарга Г.Занданшатар арилжааны банкуудын удирдлагуудтай уулзах үеэрээ “Ээлжит бус чуулганаар зээлийн хүү бууруулах стратегийг тодорхойлсон УИХ-ын тогтоол баталъя. Энэхүү тогтоолд чанаргүй активыг бууруулах, эрх зүйн шинэчлэл хийх, эх үүсвэрийн хүүг бууруулах, Хөгжлийн банктай хамтарч ажиллах болон бусад асуудлаар Та бүхэн наймдугаар сарын 10 гэхэд саналаа өгөх хэрэгтэй байна. Банкуудын холбоо, арилжааны банкууд УИХ-д шинээр байгуулагдсан Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон бусад байнгын хороод, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан нараар ахлуулан байгуулсан төсөв, санхүү, банкны шинэчлэлийн асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгүүдтэй хамтарч ажиллах, өөр өөрийн биш, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах нь чухал байна” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.