Зам тээврийн ослоос болж жилд 500 гаруй хүн амь насаа алддаг

Дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн бэртэж гэмтэн, 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байна. Энэ нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа талаар дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцлон тэмдэглэсэн.

Олон улсын судалгааны байгууллагуудаас зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч, эрсдэлд орж байгаа гол шалтгааны нэг нь “тээврийн хэрэгслийн хурд” хэтрүүлэлтээс болж байнаа гэж тогтоосон. Амьдралын өртөг өндөртэй орнуудад зам тээврийн ослоос шалтгаалсан үхэл 30 орчим хувийг эзэлж байхад бага буюу дунд түвшний орнуудад зам тээврийн ослын 50 орчим хувь нь хурд хэтрүүлснээс шалтгаалан үйлдэгдэж байна.

Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын 2017 оны тайлангаас харахад Монгол Улс нь авто замын дэд бүтцийн чанараар дэлхийн 140 улсаас 119 дүгээрт, Азийн орнуудаас авто замын дэд бүтцийн чанараар хамгийн мууд тооцогдсон.

Зам тээврийн ослоос болж жилд 500 гаруй хүн амь насаа алддаг гэх статистик бий.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлтэй байгаа хэдий ч хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг сүүлийн гурван жилд буюу 2017-2019 оны байдлаар 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн. Энэ бол манай улс шиг цөөн хүн амтай улсад маш өндөр тоо.

+ There are no comments

Add yours