Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх чиглэл өгчээ

УОК-ын өнөөдрийн хурлаар энэ жилийн хичээлийн шинэ жилийг уламжлал ёсоор есдүгээр сарын 1-нд эхлүүлэх эсэхийг шийдвэрлэж, тодорхой хариу гаргана. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх чиглэл өгчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэх чиглэлийг БШУЯ-нд өглөө.

9 сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэлтийн тодорхой журам баримтлан танхимын сургалтыг нээх нь зөв. Иргэд сонгогчдоос УИХ-ын гишүүдэд энэ талаар хүсэлт их ирж байна.

“Хичээл сургалт зогсоод бүтэн 8 сар болох хугацаанд хүүхдүүд ном эрдмээс, сурах дадлаас төсөөрч, хүмүүжил харилцааны талаас хэцүүдэж байна. Теле хичээл болон онлайн хичээлүүд үр өгөөж тааруу байсан. Мөн цэцэрлэггүй болсны улмаас хөгшчүүдэд их ачаалал ирж байна” гэсэн өргөдөл гомдол эцэг эхчүүд болон ЕБС, их дээд сургуулийн багш нараас ирсээр байна.

Тийм учраас УИХ-ын Боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувьд миний бие 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл, ном сурах бичгийн хангамж, танхимын сургалтын бэлтгэл ажлууд ямар байгаа, өнгөрсөн хавар явсан теле хичээл болон онлайн хичээлийн үр дүнд үнэлэлт, судалгаа хийж буй эсэх талаар БШУЯ-ны сайдад асуулга хүргүүлээд байна.

Мөн өвлийн сарууд урт, ханиад томууны дэгдэлт өвөл их байдаг тул МАН 2020 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ” гэсэн заалт оруулсан билээ. Үүний дагуу өвлийн амралтыг сунгах, үүний тулд 9, 10, 11 саруудад хичээлээ шахаж оруулах хэрэгтэй байгаа юм. Цаашдаа 8 сарын 15-наас хичээлийн жил эхэлдэг болсон ч буруудахгүй. МУБИС сүүлийн хэдэн жил 8 сарын 15-наас хичээлээ эхлүүлдэг болоод багш, оюутнууд дасаж, хичээл сургалтын ажил хэвийн явагдаж байгаа” гэв.

+ There are no comments

Add yours