Нөөцийн махнаас 1300 тонн үлдэгджээ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өчигдөр нөөцийн мах бэлтгэгчидтэй уулзаж, салбарын яам болон нийслэлийн холбогдох агентлаг, газар, хэлтсүүд, төрийн бус байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн Ажлын хэсгийнхний тайлан мэдээллийг сонслоо.

Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд энэ жил нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж 38 аж ахуйн нэгж нийт 11.3 мянган тонн махыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн бөгөөд бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд зохион байгуулсан.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 173 хороон дахь зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр амжилттай зохион байгуулсан аж. Одоогийн байдлаар 1300 тонн мах үлдсэнийг Засгийн газраас тогтоосон үнээр үргэлжлүүлэн зарж дуусгах юм. Тодруулбал, хонины ястай махыг нэг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700, ямааны махыг нэг кг нь 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа нь зах зээл дээрх махны үнээс 35-45 хувиар хямд байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Мах бол монголчуудын хувьд гол нэрийн хүнс учраас чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, тэгэхдээ зах зээл дээрхээс хямд өртөгтэй махаар иргэдээ хангах асуудал нэн чухал. Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл, цаашдаа нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд, илүү хүртээмжтэй байх талаас нь одооноос анхаарч зохион байгуулах шаардлага тулгарна. Ялангуяа зорилтот бүлгийнхэн буюу захын гэр хорооллын дэлгүүрүүдээр нөөцийн махны худалдаа хэр зэрэг хүртээмжтэй байгаад байнгын хяналт шалгалт хийж байх учиртай. Зуны сар зургаа биш. Тиймээс ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийн ажлыг одооноос анхаарч, энэ жилийн алдаа, оноогоо дүгнэж цэгнэн, цаашид зохион байгуулалтаа илүү сайжруулах хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

+ There are no comments

Add yours