Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс өмнө нь шүүх хуралдаан хоёр удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанд дахин шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

Шүүгч энэ тухай захирамжийг танилцуулсны дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх шүүгдэгчийг өмгөөлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир шүүгдэгчийг өмгөөлөхөөс татгалзаж байна гэж шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан ба шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгч Д.Батсүхээс татгалзаж, шүүх хуралдаан даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хуралдаан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч танилцаад түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргасан ба үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгч нараас татгалзах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаан дахин завсарласан.

Шүүх хуралдаан даргалагч шүүгч, шүүгдэгч Ж.Эрдэнэбатын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлт нь хуульзүйн үндэслэл байхгүй тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн үүний дараагаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь уг хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжлүүлсэн юм.

Шүүх хуралдаан 2020.07.02-ны өдөр эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours