Шүүх Ж.Эрдэнэбатын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна

Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна.

Уг нь шүүх хурал зургаадугаар сарын 22-нд болох байсан ч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нараас хэргийн материалтай танилцах боломж олгох хүсэлт гаргаснаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж 22,865 саналаар ялалт байгуулсан. Гэвч түүнийг 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа тул УИХ-ын гишүүний үнэмлэхээ аваагүй байгаа юм.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын холбогдсон хэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, н.Отгонбаатар нарын өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад шийдвэрээ танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр “Шүүгдэгч Ж.Эрдэнэбат шинээр өмгөөлөгч авч байгаа учир хэргийн материалтай танилцах боломжоор ханган шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэдэг хүсэлт шүүхэд гаргасан байна. Ж.Эрдэнэбатын зүгээс гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан нийт гурван удаа хойшлоод байна.

Шүүхээс Ж.Эрдэнбатад шүүгдэгчийн эрхийг нь эдлүүлэх бүх боломжоор хангасан. Тиймээс түүний өмгөөлөгч н.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийг шинжлэн судлах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж байна” гэв.

Ийнхүү 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон ч цагдан хоригдож байсан учир гишүүний тангарагаа өргөж чадаагүй Ж.Эрдэнэбатыг шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна.

 

+ There are no comments

Add yours