Шинээр нэг тохиолдол бүртгэгдэж, 5 хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ-наас коронавирусын цаг үеийн мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 87 хүн ажиглалттанд шинээр орж 16 хүн гэрийн тусгаарлалтанд шилжжээ. Ингэснээр ажиглалтанд 2710 хүн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 78 хүнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Үүнээс 51 хүн архаг хууч өвчтэй бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээ хийгдэж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 10,228,000 хүн өвчилж, 503,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Өвчилсөн хүмүүсээс 5.5 сая нь эдгэрсэн бол 4.1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барлаа.

АНУ, Бразил, Энэтхэг улсууд шинэ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа. Мөн Зүүн Европын 30 оронд хөл хориог сулруулсантай холбоотойгоор халдвар нэмэгдсэн тул 11 орон буцаад хөл хорионы дэглэмээ чангаруулах арга хэмжээ авч байна.ОХУ-д 6,791 хүн шинээр халдвар авч 104 хүн эндсэн. Манай улсын хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдсээр байгаа. Эрхүү мужид сүүлийн 14 хоног халдварын тоо тасралтгүй өссөөр байна. Тувад өмнө сар гаруй хугацаанд халдвар нэмэгдсээр байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 87 хүн шинээр ажиглалтад орж, 16 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо ажиглалтад 2,710 хүн байна. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 51 хүн архаг хууч өвчтэй бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна. 119 дугаарт 159 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр Казахстан, Солонгос улсаас манай хоёр иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсан” гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 10 –нд Нурсултан- Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэнээс авсан гуравдахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ нь тухайн иргэнээс 19 хоногийн дараа вирус илэрсэн гэсэн үг бөгөөд тусгаарлалтын хугацааг 21 хоног болгон мөрдөж байгааг үр дүнтэй зөт арга болохыг дахин баталлаа. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 220 боллоо. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэн хэлвэл 36 иргэний бие хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна”гэлээ.

+ There are no comments

Add yours