Улсын их баяр наадамд зодоглох бөхчүүдийг бүртгэж дуусжээ

Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд зодоглох 512 бөхийн цахим бүртгэл дуусжээ. Бүртгэл энэ сарын 26-28-ны өдрүүдэд явагдсан хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэв.

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар болсон.

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлажээ.

+ There are no comments

Add yours