Д.Нямхүү: Долоон хүний шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 213 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 9,030,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 460,000 хүн эндсэн байна. Зургаан хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдэж, 9 саяд хүрлээ.Сүүлийн 24 цагт 123,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд АНУ-д 23 мянга, БНЭУ-д 15 мянга, Бразилд 14 мянган шинэ тохиолдол бүртгэдэж, халдварын тоогоор тэргүүлж байна.

БНХАУ-ын Бээжин хотын хүнсний захаас үүдэлтэй халдварын тоо 220 гаруй бол ойр орчмын гурван хүнсний захад халдвар илэрчээ. Шимфади захаас авсан 200 гаруй дээжид халдвар илэрсэн бөгөөд зөвхөн мах төдийгүй жимс ногооноос илэрсэн байна. Тус улсын Өвчин судлалын төвөөс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд илүү их өсөж үрждэг болохыг анхааруулжээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,728 хүн шинээр халдвар авч, 109 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл мөн өссөөр байгаа. Эрхүү мужид 191 хүн шинээр халдвар авч, 40 хүн энджээ. Тувад халдвар тасралтгүй нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдоход хүрээд байгааг мэдээлсэн байна.

Манай улсын хувьд өчигдөр 2 хүн шинээр ажиглалтад орж, 6 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Тусгаарлан ажиглах байранд нийт 2,183 хүн байна.119 дугаарын утсанд 120 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр АНУ, Швед улсаас гурван иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авсан. Шведэд халдвар авч, биеийн байдал нь хүн байсан манай улсын иргэний биеийн байдал сайжирч байгаа” гэдгийг хэллээ.

ӨНӨӨДӨР ДОЛООН ХҮН ЭДГЭРЧ, ХӨСҮТ-ӨӨС ГАРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 21-ний өдөр гурван лабораторид нийт 359 шинжилгээ хийхэд 352 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долоон хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэд 6, 11, 12, 29, 38, 39, 63 настай. Хүйсээр нь харвал зургаа нь эрэгтэй, нэг нь эмэгтэй.

Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Үүнд хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр иргэн, гурван оюутан байгаа. 19-45 насны эдгээр иргэд 17-49 хоног эмчилгээ хийлгэсэн байна.

Ингээд батлагдсан тохиолдол 213, эдгэрсэн 153 болж байна. Эмчилгээнд 60 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 53 нь хөнгөн, долоо нь хүндэвтэр байгаа. Бид дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ хийж байна. ХӨСҮТ-өөс эмчлэгдэн гарч байгаа хоёр жирэмсэн эмэгтэйн нэг нь төрөх тун дөхсөн учраас сувилал руу шилжихгүй. ХӨСҮТ-д хүүхдээ төрүүлнэ” гэв.

+ There are no comments

Add yours