Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр“Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох” захиргааны хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Шүүхээс аварга Э.Оюунболдын цол, чимгийг хураах шийдвэр гаргаж, түүнийг 2019 оны үндэсний их баяр наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзлээ.

2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн нь шинжилгээгээр тодорхой болж, Ерөнхийлөгч ямар зарлиг гаргахыг хүлээж байгаа билээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн.

Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасны дагуу 2020 оны нэгдүгээр сард эл асуудалд захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар дээрх шаардлагын дагуух шүүх хуралдааныг өнөөдөр болохоор тов гараад байсан юм.

Шүүх хуралд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох боломжгүй хэмээн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулжээ. Ингээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох” захиргааны хэргийг хянан хэлэлцээд, түүнийг допинг хэрэглэсэн нь баримт болон шинжилгээгээр тогтоогдсон гэж үзэн, цол чимгийг нь хураах шийдвэр гаргав.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.