Сонгууль: Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжид, “ХХЗХ нь радио, телевизээр нэвтрүүлж буй сонгуулийн сурталчилгаанд байнгын хяналт, мониторинг хийж байна. Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгааны эхний 14 хоногийн байдлаар нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ хууль тогтоомжийг дээдлэн ажиллаж байгаа хэдий ч сурталчилгааны хоёрдугаар 7 хоногт мэдээллийн хөтөлбөрөөр гарч буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ нь хоногт таван минутаас хэтрэх хандлагатай байна.

Иймд радио, телевизийн өөрийн редакцид бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчтэй холбоотой цаг үе, үйл явдлын шинжтэй (шүүх хурал, Улсын онцгой комиссын мэдээ, тэмдэглэлт арга хэмжээ, үйл ажиллагааны нээлт, олон улсын хамтын ажиллагаа, хурал зөвлөгөөн гэх мэт) сурвалжлага мэдээ, мэдээний давталтаар нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн хугацааг нэр дэвшигчийн талаарх хуулиар тогтоосон мэдээний 5 минутад хамааруулж тооцогддог болохыг анхаарч ажиллана уу.

ХХЗХ нь УИХ-ийн тухай хууль, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журамд заасны дагуу нэр бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд сануулах арга хэмжээ хүргүүлсэн, түүнчлэн хууль, журам зөрчсөн байж болзошгүй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн талаарх хяналтын дүн мэдээллийг Цагдаагийн төв байгууллага болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна.

Иймд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч та бүхэн сонгуулийн сурталчилгаа нэтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэг, 46 болон 48 дугаар зүйлийг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours