Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Пийс таун” хотхоны иргэдтэй уулзлаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таун”, “Гэрэлт өргөө”, “Тэлмүүн” зэрэг зэргэлдээ баригдсан хотхонуудын оршин суугч иргэдийн санал гомдлын дагуу нийслэл, дүүргийн холбогдох албаны хүмүүсийн хамтаар тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Тодруулбал  “Пийс таун”, “Гэрэлт өргөө”, “Тэлмүүн” зэрэг хотхонуудын дунд автомашины зогсоол, явган хүний зам, орц, гарцгүй ганц шороон замаар оршин суугчид зорчдог байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйн мэдэгдэхгүй хагас дутуу баригдсан барилга, байгууламжийн асуудлаас болж, уг хотхонуудын оршин суугчид таатай орчинд амьдрах эрх зөрчигдөж буй уг асуудлыг шийдвэрлэн өгөх. Түүнчлэн тус хотхонуудын хувьд автомашины зогсоол байдаггүй бөгөөд төлбөртэй зогсоолийг хувийн компани ажиллуулдаг байна. Иймд төлбөртэй зогсоолын талбайн эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн зам талбайг бий болгох зэрэг хүсэлтийг тавьсан юм.

Энэ дагуу дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан НИТХ-ын дарга Дагвад нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулан цаашид холбогдох хурал, зөвлөгөөнөөр дамжуулан шийдвэрлэн өгөх хүсэлтийг тавьлаа. Мөн стандартын шаардлага хангасан автозам, орц гарц, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам зэрэг тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэх судалгааг авч ажиллах,  хотхонуудын гадна талбайд байгаа стандартын шаардлага хангахгүй иргэдийн амь нас, амьдрах орчинд эрсдэл учруулах хашаа, хайсыг буулгаж, авто замыг засварлан шинэчлэх зэрэг асуудлыг судлан, танилцуулахыг холбогдох албаныханд чиглэл өгч ажиллав.



 

+ There are no comments

Add yours