Сонгинохайрхан дүүрэгт 23 хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд нийслэл хотоос гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, тус ажил ид дундаа явагдаж байгаа билээ.

           Нийслэл хотын алслагдсан дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг нь гэр хороолол ихтэй, хүн амын тоогоор нийслэл хотод нэгд ордог томоохон дүүрэг. Тэр ч утгаараа агаар, хөрсний бохирдлын хэмжээгээр ноцтой хэмжээнд хүрсэн.

2030 он хүртэлх Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлөлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ.

        Төсөл хэрэгжүүлэгч компани шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, “Шинэ Барилга” ХХК-г  шалгарч, өнөөдөр тус төсөл хэрэгжүүлэгчийн батламжийг гардуулах ажиллагаа зохион байгуулагдаж байна.

        Тус ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын орлогч, инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг, Шинэ Барилга ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер Ө.Дорждэрэм болон 23 дугаар хорооны оршин суугч иргэд, тус барилгын компанийн ажилтнууд оролцлоо. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва нээлтийн үг хэлэхдээ “Нийслэл хотын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ бол Оргил төслийн үйл ажиллагааг дэмжиж, тус төсөлтэй холбогдох шийдвэр, тогтоол, тусгай зөвшөөрлүүдийг гаргахаас гадна төслийн амин судас болсон инженерийн дэд бүтцийн ажлыг нийслэлээс хөрөнгө оруулалт хийж дэмжиж ажиллах болно” гэлээ.

            Шинэ Барилга ХХК нь анх 2013 онд 23 дугаар хорооны оршин суугч 318 айл өрх нэгдэн, утаа хөрсний бохирдлыг арилгаж, өөрсдийн амьдрах орчинг сайжруулахаар 24 га газрыг хамарсан төслийг санаачлан эхлүүлсэн. Тус байршилд 2015 онд Японы Жайка олон улсын судалгааны баг орон сууцжуулахад шаардлагатай нарийвчилсан иж бүрэн судалгааг хийж гүйцэтгэн, 2030 он хүртэлх УБ хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд батлуулсан.

           2017 онд санаачлагч иргэд тухайн үеийн нийслэлийн удирдлагатай хамтран сургууль цэцэрлэгийн барилгын зориулалтаар 7500 мкв газар чөлөөлснөөр 680 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил шийдвэрлэгдэх шатандаа явагдаж байна.

           2016 онд төсөлд иргэдийн оролцоог хангах, зөв зохион байгуулах зорилгоор хорооны оршин суугч 33 иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Оргил Баян Хангайн Дэнж” иргэдийн бүлэг байгуулагдсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч “Шинэ Барилга” ХХК-ын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

         Төсөл хэрэгжүүлэгч компани өөрийн эзэмшлийн газрыг төслийн зорилгод  нийцүүлэн 9 давхар 126 айлын орон сууцны барилгыг эхлүүлснээр дэд бүтцийн трасст давхцах айлуудын газар чөлөөлөх шийдэл хүндрэл бэрхшээлгүй шийдэх боломжийг бүрэн хангасан байна. Барилгын ажлын явц 50 хувьтай байна. Эхний ээлжийн тус орон сууц энэ оны 10 сард ашиглалтад ормогц 126 айлын газар чөлөөлөлтийг хийж, цаашдын барилгын ажлаа үргэлжлүүлэх бөгөөд төсөл хэрэгжиж дууссанаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахуй үйлчилгээний төв бүхий 3500 айлын орон сууцны хороолол бий болох юм.

 

+ There are no comments

Add yours