Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо

БСШУСЯ 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өгчээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын талаар түлхүү яригдаж байсан юм.

Боловсрол, соёл урлагийн байгууллагууд сумдаараа явж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спортын газрууд тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулахад автомашин нэн шаардлагатай ч олон жил шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Тиймээс салбарын ажилтан, албан хаагчдын жигд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин болон техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна.

Автомашин гардуулах ёслолын арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төв зэрэг томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа ч салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл орхигдсон нь харагдсан. Хувилагч олшруулагчаас эхлээд техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг шат дараатай шийдвэрлэж байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан Монголын багш нарын 7 дугаар их хурлын төлөөлөгчдөөс их тавьсан санал нь компьютер байсан. Удахгүй багш нараа компьютертой болгох ажил хийгдэх болно” гэлээ.

+ There are no comments

Add yours