Б.Баяраа: ТТ бууны хэдэн ширхэг сум надад байсан.

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны тэргүүн Б.Баяраа нарын хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж тус нийгэмлэгийн удирдлагууд ажилчдынхаа хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.
-Саяхан таны бичлэг олон нийтийн сүлжээнд явж байсан. Уг бичлэгт та өөрийн ҮЭ-ийн гишүүн, ажилтнаа “шал долоо, бөөлжис цэвэрлэ, чамайг амьтан болгоноо” гэж доромжлон, дарамталсан байдаг. Энэ талаар юу гэж хэлэх вэ.Үүнийг ёс зүйтэй үйлдэл гэж хэлж болох уу? -Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Гэхдээ энэ цаанаа утга учиртай юм. Одоогоос гурван жилийн өмнө ажлын бус цагаар, мөнгөө төлөөд үйлчилгээ хийлгээд явж байсан. Би үнэхээр бөөлжсөн. Тэр үед хажуугаар нэг үйлчлэгч залуу гүйхэд нь “Ахдаа нэг арчих юм аваад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн урдаас “Чи өөрөө арчихгүй юу, долоогоод ч гэсэн арч” гэж урдаас хэлсэн. Би “Чи ямар сонин юм бэ, 00-ын тэмдэглэгээ хайж яваад, 00 орох гэсэн барсангүй” гэж тайлбарласан. Харин тэр залуу “Надтай ярих юм байвал, доошоо гал зууханд ороод яриарай” гэсэн. . тэр үед үнэндээ жаахан хор шар хөдөлсөн.
Би өөрөө бөөлжсөө цэвэрлээд, тэр залуутай уулзахаар араас нь яваад ороход, тэр залуу зохион байгуулалттайгаар бичлэг нууцаар хийхэд бэлдчихээд хүлээж байсан. Тэр үед би юу ч мэдээгүй “Энэ асуудал болсон”.

Би тэр бичлэгийг хийсэн хүмүүсийн нарийн зохион байгуулалттай үйлдэл хийж, миний эрхэнд халдсан явдал гэж харж байгаа.

Нөгөөтээгүүр, нөгөө үйлчилгээний байгууллагын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж бодож байгаа.

Бичлэг хийсэн хүнийг олсон. Гэхдээ тэр хүний мууг үзэж байгаа юм шиг “Зөрчлийн хууль”-иар яваагүй. Намайг тийм байдалд оруулсан залуутайгаа уулзах гэж хичээсэн. Гэвч ажлаа хийж байгаад БНСУ-руу ажиллахаар гараад явчихсан байсан.
Энд хэн ч гомдол гаргаагүй. Хувь хүний эрхэнд халдан тагнаж, чагнаж биччихээд намайг дуугүй байлгах зорилгоор ашигласан.

Би ажил олгогчийн өмнөөс олон зүйл ярьж, тайлбар шаарддаг. Уг бичлэг олон нийтэд цацагдахаас өмнө ажил олгогчийн зүгээс “Чиний согтуу бичлэгийг тавилаа” гэхэд нь би “Тавиа” л гэсэн.

-Таныг УБТЗ-д байлдааны сум хууль бусаар зарсан хэрэг юу болсон бэ. Хэрэг шийдэгдсэн үү?

-Би энэ талаар нийгэмд нэлээд дорвитой яръя гэж боддог. Хууль бус наймаа ч биш, хуучны ТТ гэдэг бууны хэдэн ширхэг сум надад байсан. Тэр өөр хүнээс орж ирсэн.
Энэ цагдаагийн байгууллагад шалгагдсан. Тэрийг хэрэглэдэг газар нь ганцхан Улаанбаатар Төмөр Замын харуул хамгаалалтын алба.

Би тэр газар нь сумаа аваачиж өгөхөд, “Хувь хүнээс сум авч болдоггүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь “Та нар уралдаан тэмцээн зохион байгуулаад устгачхаарай” гэсэн. Тэд устгахгүй, агуулахдаа нэлээд байлгаж байгаад, манай хороон даргад өгөөд, дараа нь “Наад сумаа зар” гэсэн байсан. Нэг ёсондоо гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа юм. Ухаандаа намайг л харлуулах гэсэн оролдлого. Тэр нь миний гараас гараагүй, би хадгалаагүй. Энэ хэрэг цагдаа дээр шалгагдаад хэрэгсэхгүй болсон.
-Хэзээ хэрэгсэхгүй болсон бэ?

-Энэ оны эхээр 1-р сард хэрэгсэхгүй болсон.

– ОХУ эрх бүхий албан тушаалтан 16 мянга гаруй төмөр замчдыг эгнээндээ нэгтгэсэн. Эдгээр ажилтнуудын хөдөлмөр бүтээл, ололт амжилт, төмөр замын техник технологийн дэвшил, Монгол орны хөгжил дэвшилд оруулж буй тэдний хувь нэмэр, өөрчлөлт шинэчлэлтийг та үгүйсгэн, Монгол улсын хөгжлийн чөдөр тушаа, хамгийн хоцрогдсон газар, дампуурч буй байгууллага, ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй, техник технологийн доройтолд орсон гамшгийн газар мэтээр та саяхан бичсэн байсан. Энэ ёс зүйтэй асуудал мөн үү?
-УБТЗ бол хувь нийлүүлсэн байгууллага, ОХУ 50 хувийг нь эзэмшдэг. Үлдсэн 50 хувийг Засгийн газар эзэмшдэг. Тэнд хэдэн нөхөд дур зоргоороо ажиллаж байна. Тиймээс төр засгийн удирдлагууд өмчөө эргэж хараач ээ.
Төмөр замчидтай уулзаж, хөдөлмөр бүтээл, шударга хуваарилалттай танилцмаар байна. Ядаж үйлдвэрчний байгууллагын төлөөлөлтэй нь уулзахыг хүсэж буй.

2009 онд “Режеди” гэдэг байгууллага УБТЗ-ын хөгжлийг нь авч явна гэж гэрээ байгуулж орж ирсэн. Түүнээс хойш 11 жилийн хугацаанд УБТЗ хэр хөгжсөн бэ. Зам харилцаа, хөдлөх бүрэлдэхүүн, удирдлагын тогтолцоо муудсан. Ганцхан ачаа тээвэр л нэмэгдсэн. Уг нь бүгд хөгжих ёстой биз дээ.

УБТЗ хувь нийлүүлэх байгууллагад 2018 онд хийсэн шалган байцаах комиссын дүгнэлтээс харахад УБТЗ-ын удирдлагад хөдөлмөрийн маргаантай холбоотой 2018 онд 229 сая, 2019 онд анхан шатны шүүхийн шийдвэрээр 101 сая төгрөг төлөх эрсдэл үүрээд байна гэсэн.

Энэ бол хууль тогтоомж зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалсан, үндэслэлгүй халсан хүмүүсээ эргээд ажлын байраар хангах болсноос шалтгаалсан хохирол.

Улмаар удирдлагуудын зүгээс өөрийн ажилтнуудаа тагнаж чагнадаг, ялгаварлан гадуурхдаг болсон. Хуулийн алба өмнө нь 6-7 хүнтэй байсан бол одоо 30 гаруй хүнтэй болж өргөжсөн. Энэ алба хэнд үйлчилж байна вэ гэдэг өөрөө асуудал.Дандаа удирдлагын бүтцийн хүмүүст үйлчилдэг.

УБТЗ-ыг босоо удирдлагатай гэх шалтгаанаар нэг хүний хувийн байгууллага шиг болжээ. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон ОХУ-аас удирддаг удирдлагуудад энэ асуудлыг шийдэж өгөөч гэж албан тоот явуулсан.
Дээрх асуудалд УБТЗ-ын удирдаж байгаа тодорхой бүлэг этгээдүүдийн нэр орсон байгаа. Би нэр заагаад хэлсэн ч чадна.
Д.Жигжиднямаа даргын үзэмжээр Дотоод хяналт, Аудитын алба, Хуулийн албуудыг зохион байгуулсан. Эдгээр албуудын удирдлагуудыг хоорондоо садан төрлийн холбоотой гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ нарийн сайн мэдэхгүй байна. Ер бол тэд ашиг сонирхлын зөрчилтэй орж ирсэн. Тэд захиалгаар ажиллаж байдаг.

-Та тэднийг захиалгаар ажиллаж байгааг батлах уу?

-Батална. Жишээлбэл, нэг хүн дээр үзлэг шалгалт хийлгээд, тэр хүний талаар баримтууд олно. Тэгээд нөгөө хүнээ байхгүй болтол “хийнэ”. Мөн тэр хүнийхээ Хөдөлмөрийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлж байгаад “авна”.
– Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Хамтын гэрээ эцэслэн батлагдаагүй байхад ийм асуудал ярих чинь хуулиараа хориотой. Хэлэлцээрт орж буй нэг талд хууль бусаар дарамт шахалт үзүүлсэн хэрэг мөн биз дээ?
-Хуулиар хориотой юм уу. Тэд нар өөрсдөө дарамталлаа гэж ярьдаг. Харин бид тэдэнд дарамтлуулж байна гэж ойлгодог. Ямар сайндаа л, тэдний дарамтыг дийлэхгүй болохоор хэвлэлийн хурал хийж байхав дээ. Чаддаг юм бол нөгөө тал гарч ирээд хэвлэлийн бага хурлаа хийг л дээ.

– Хамтын гэрээ хэлэлцэх явцад маргаантай, санал зөрүүтэй асуудал гарвал хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр Хөдөлмөрийн хуульд заасан байдаг. Тухайлбал, зуучлагч урьж оруулах, хөдөлмөрийн арбитраар хэлэлцүүлэх гэх мэт.
Хуульд заасан эдгээр арга хэмжээг авч хэлэлцүүлэхийн оронд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус мэдэгдэл хийж байгаа тань хууль зөрчсөн асуудал биш гэж үү?

-Үйлдвэрчний эвлэл өөрийн эрх хэмжээний хүрээнд хэвлэлийн бага хурал хийж, жагсаж цуглах гээд олон эрхтэй. Гэхдээ өнөөгийн цаг нөхцөлд үүнээс өөр тэмцлийн хэлбэр алга. Улсаас жагсаж цуглахыг хорьсон. Үнэхээр боломжгүй энэ үед татварыг нь зогсоогоод, үйл ажиллагаа явуулах эрхэнд нь халдаад…Үүнээс л болж асуудал гарч байгаа юм. Хэрэв татвар зогсоогоогүй Үйлдвэрчний байгууллагын ажлыг дарамт шахалтгүй хийлгээд явж байсан бол бид хэвлэлд хандах шаардлагагүй байсан.

+ There are no comments

Add yours