Ялалтын баярын парадыг зургаадугаар 24-нд албан ёсоор зохион байгуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзаж, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаалын бэлтгэл ажлыг эхлүүлэхийг үүрэг болгожээ.

Зургадугаар сарын 24-нд Москва болон бусад хотуудад Ялалтын баярын сүрт жагсаалыг албан ёсоор зохион байгуулахаар шийдвэрлэснээ ийн мэдэгдсэн аж. Нацист Германыг ялсны дараа 1945 оны зургадугаар сарын 24-нд Маршал Георгий Жуков, Константин Рокоссовский нарын команд дор Москва хотын улаан талбайд анхны ялалтын сүрт жагсаалыг зохион байгуулж байсан түүхтэй.

Жил бүр тавдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалыг хойшлуулахаар шийдвэрлэсэн талаар Кремлиэс мэдэгдсэний дараа тус парадыг зургаадугаар сарын 24-н эсвэл Дэлхийн хоёрдугаар дайн дууссан есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж магадгүй гэсэн таамаг гараад байсан юм.

Ташрамд дуулгахад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Ялалтын баярт оролцохыг урьсан юм.

Эх сурвалж: vedomosti.ru

+ There are no comments

Add yours