Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 57 дахь оюутнаас коронавирусын халдвар илэрлээ

ЭМЯ-аас коронавирусын халдварын цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ, ЗНӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад хийгдсэн нийт 403 иргэний вирусын шинжилгээнд 402 хүний сорьц сөрөг гарч нэг иргэнээс коронавирусын тохиолдол илэрлээ. Энэ хүн бол тавдугаар сарын 13-нд Оросоос цэргийн онгоцоор ирсэн оюутан. Ингээд Оросоос ирсэн оюутнуудын 57-гоос коронавирус илэрч байна.

Тандалтын зорилгоор 13 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт нийт 47 шинжилгээ хийгдсэний 27 нь Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч бол бусад нь аймгийн нэгдсэн эмнэлгэд тусгаарлагдаж байгаа иргэдийн давтан шинжилгээ юм.

Өнөөдөр дахин хоёр иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны тусгаарлалт руу шилжлээ. Коронавирусээр өвчлөөд эдгэх хугацаа манай орны хувьд 30-40 хоног байна” гэлээ.

1 Comment

Add yours

+ Leave a Comment