Москвагаас тусгай нислэгээр иргэдээ татаж авна

Мөрч
Энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ОХУ-ын Европын хэсэг дэх хотуудад буй монгол иргэд, оюутнуудыг, 26, 27-нд Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудад буй иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор хэсэгчлэн татахаар ажиллаж байгааг ОХУ дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.

Энэ сарын 20-ны байдлаар ОХУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан 1000 орчим иргэн байгаа бөгөөд дээрх татан авалтаар тэдний 50 хувь нь буюу 500 орчим иргэн эх орондоо ирэх аж.

Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгт 170 орчим иргэнийг бүртгэх бөгөөд ЭСЯ-наас иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, УОК-т хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ нэн түрүүнд сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч яаралтай нутаг буцах хүсэлт гаргасан оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа аж.

Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусний шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК эцэслэх юм байна. ОХУ-аас иргэдээ татах ажлыг цаашид үе шаттайгаар үргэлжилнэ гэдгийг ОХУ дахь ЭСЯ-наас онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл