П.Гэрэлбаатар: Нутгийн иргэд баялгаас хүртэх эрхтэй учир миний тэмцэл ганцаардахгүй

Их хурлын сонгуульд Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар бие даан нэр дэвшихийг  “зөв шийдвэр” гэж хүлээн авч байгаа хүмүүс олон байна. Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дотор хамгийн ихээр нутгийн хөгжил ярьж, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог, хэний ч хараат биш, шийдэмгий чанараараа бусдаас ялгардаг түүнийг 2016-2020 онд аймгийн хурлыг “амьд” байлгаж чадсан ганц хүн төдийгүй араа дааж чадах “дархлаа”-тай болохоор шийртэйхэн дуугардаг гэж түүнийг дорнодчууд үнэлдэг юм билээ. Ингээд Пүрэвгэрэлийн Гэрэлбаатартай ярилцсанаа хүргэе.

-Та Их хурлын сонгуульд бие дааж нэр дэвших гэж байгаа. Харин таныг МАН-ны гишүүн гэдгийг дорнодчууд андахгүй. Бие дааж нэр дэвших шалтгаан нөхцөл юунд байна вэ?

-Бид ардчилсан нийгэмд хөл тавиад 30 жил боллоо. Олон удаа сонгуульд оролцож, улс төрчдийг сонгосон байна. Олон хүн янз бүрийн сайхан амлалт өгч, сонгогдон гарч ирдэг. Гэтэл тэр бүх амлалт нь хэрэгждэг бол эцсийн үр дүнд ард олны амьдрал уруудан доройтох биш улам дэвжин дээшлэх ёстой биз дээ. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-д 65 суудал өгч ард олон итгэл хүлээлгэж, бүх зүйл сайн сайхан болно гээд итгэсэн. Гэтэл намын толгойд болон засаглалын оройд байгаа хүмүүс ЖДҮ, 60 тэрбум гэхчлэн асуудалд холбогдож, жирийн гишүүдийн итгэл үнэмшил рүү “нулимж” байна. Ингээд ирэхээр ямар гишүүн байсан ч сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрч чадахгүй болчихож байгаа юм. Тиймээс энэ “хайрцаг” дотор байгаад байж болох юм уу гэсэн эргэлзээ төрж эхэлсэн. Түүний өмнөх АН-ын засаг барьж байсан үе ч мөн адил. Намын жирийн гишүүд, дэмжигчдэд ямар ч буруу байхгүй. Хэдхэн олгиархиудын амиа хичээсэн байдал ард олны итгэлийг хөсөрдүүлж байгааг, шинэ залуу гишүүдээ дэмжих бодлого байхгүй, намын даргад ойр байдаг, нөгөө л нэр нь сэвтсэн хүмүүс  эргээд сонгогдоод гараад ирэх нөхцөл байдал илт болсон гэх мэтээр олон асуудал байгаа учир найзууд, хамтран зүтгэгчид, багтайгаа ярьж зөвлөлдөөд 2020 оны Улсын их хурлын сонгуульд бие дааж нэр дэвших шийдвэр гаргасан.

-Та бол аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дотор хамгийн ихээр нутгийн хөгжил ярьж, шударга бус зүйлтэй эвлэрэхгүй гэсэн үзэл бодолдоо хатуу зогсдог, хэний ч хараат биш, шийдэмгий чанараараа бусдаас ялгардаг гэх мэтээр таныг дорнодчууд үнэлдэг нь анзаарагддаг?

-Баярлалаа. Миний хувьд Дорнод нутагтаа төрж, өсөж өдий зэрэгт хүрлээ. Бизнесийн салбараас ажлын гараагаа эхэлж, олон түвшинд ажиллаж үзлээ. Аймгийн хуралд ард олныхоо итгэл сэтгэлээр сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Энэ хугацаанд ямар нэгэн авилгал, албан тушаал, тендер юманд авах бүү хэл нэр холбогдсонгүй, цэвэр байж чадлаа. Хамгийн гол нь аймаг орон нутаг, улсаа хөгжүүлэх боломж бололцоо байна гэдгийг олж харсан ч эрх мэдэл нь аймагт байдаггүй юм байна. Бүх юм дээрээс хараат байдалтай явж ирдэг байдлыг өөрчлөхгүй бол хөгжил гэж яриад үр дүнгүйг харлаа. Тиймээс газар нутгаас хамгаалж, газар нутгийнхаа баялгийг нутгийн иргэд хүртэх эрхтэй гэж үзэж буй учир энэ асуудлаар олон удаа найз нөхөд, хамтран ажиллаж буй баг, нөхөдтэйгээ ярилцлаа, зөвлөлдлөө… Ингээд Гэрэлбаатар бие дааснаараа, нутгийнхаа хөгжлийн төлөөх тэмцлийг эхлүүлсэнээрээ ганцаардахгүй гэж итгэсэн. Мөн оновчтой шийдвэр зоригтой алхамын эцсийн үр дүн нутгийн хөгжил гэж ойлгодог маань ч ийм шийдвэр гаргахад түлхэц болж өгсөн.

-Хараад байхад, гэрээ засаад төрд орж ирж байгаа залуучууд хүчтэй, бусдын хамааралд орж, хоронд унахгүй шийдэмгий явж байгаа нь анзаарагддаг. Таныг ч бас тэдний нэг гэж би харж байна л даа?

-Баярлалаа. Санжаасүрэнгийн Зориг агсаны “Эн тэргүүнд улс үндэстэнийхээ, удаад нь нам бүлгийнхээ, хамгийн сүүлд хувийн эрх ашгийг тавьж бай. Энэ эрэмбэ дарааллыг алдаж болохгүй” гэсэн зарчмыг баримталдаг. Хувийн ашиг хонжоо хайж, хэн нэгэнд таалагдах гэж явдаггүй учир хийхээ хийдэг, бодсоноо хэлдэг. Гэмтэй байж, миний буруу байсан бол намайг харлуулах амархан. Би хэнээс юу ч хулгайлаагүй. Тийм болохоор хэний ч өмнө нүүр бардам, зоригтой байдаг. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж үг байдаг. Тийм хүмүүс чимээгүй,болгоомжилсон байдалтай амьдардаг. Би бол Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгаа хэрэг. Эцсийн эцэст ард түмэн шийдлийг гаргана. Би намаасаа нэр дэвшвэл шүүмжилж чадах уу, тэднээс зөрж өөрийнхөөрөө зүтгэж зориглох уу. Гэрэлбаатар гэдэг хүнийг хэвээр хадгалахад энэ бүхэн надад үнэ цэнэтэй.

-Та МАН-ын гишүүн. Бие дааж нэр дэвшинэ гэхээр намаас хөөх ч юм уу ямар нэгэн шийтгэл ногдуулж байгаа юу?

-Намдаа гишүүн хэвээрээ байгаа. Улс төрийн намын тухай хуульд намын гишүүнийг гаргасан шийдвэрийнх нь төлөө хөөх ч юм уу, ямар нэг шийтгэл ногдуулах зүйл заалт байхгүй. Миний хувьд хэн нэгэнд барьцаалагдсан, шударга бусаар хөдөлмөрлөсөн хар түүх байхгүй. Амьдрал, ажил үйлс бүгд ард олны нүдэн дээр ил байгаа болохоор нутгийн зон олон маань надад итгэл хүлээлгэж байхад зүтгээд үзье гэж шийдсэн. Нийгэм болохгүй байна, нэг л биш ээ гээд өөр хоорондоо бид ярьдаг. Яриад суухаас яваад гарцыг нь хайгаад үзье гэж бодсон. Олон найз нөхөд, ах дүү хамаатан садан, бизнесийн хамтрагч түншүүд дэмжиж, нутгийн тулхтай буурлуудын “Яв аа, миний хүү. Бид чадлын хэрээр дэмжинэ” гэсэн халуун сэтгэл намайг зоригжуулсан. Тиймээс эргэлзэх зүйл байгаагүй.

-Өнгөрсөн хугацаанд аймгийн төлөөлөгчдөөс Петро Чайна Дачин Тамсагийн хууль бус үйлдэлтэй хамгийн ихээр тэмцсэн төлөөлөгч бол Та. Одоо бие даан нэр дэвшиж сонгуульд өрсөлдөх гэж байна. Шуудхан хэлэхэд, эрх баригч намын эсрэг сэтгэлийн хат шалгасан алхамуудыг хийж байна даа гэж харагдаад байх юм?

-Асуултын араас нь эхлээд хариулъя. Энэ бүх алхамуудыг буруу, алдаа гэж би харахгүй байна. 2018 оны 3-р сарын 19-ний өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд би санаачлан “Газрын тосны олборлолт, уул уурхай үйлдвэрлэлийн зориулалтаар гүний ус ашиглах тухай” гэсэн тогтоолын төслийг оруулсан. Олон асуудалтай тулгарсан ч батлуулж чадсан. Энэ тогтоол батлагдсанаар жилд 5 тэрбум төгрөгийн төсөв аймагт орж ирдэг боллоо. Дараа нь 2019 оны нэгдүгээр сард сумдынхантайгаа хамтарч, иргэний хөдөлгөөнийхөнтэй нэгдэж жагсаал цуглаан хийсэн. Үүний үр дүнд Халхгол, Матад суманд Газрын тосноос жилд тус бүрт нь 450 мянган ам.доллар авдаг болгосон. Энэ мэтээр түвшин, түвшиндээ санаачилга гаргаад нэгдэж нийлж хөдөлж чадвал болохгүйг миний харуулж, ойлгуулсан гэж боддог. Энд нэг зүйлийг тодотгож хэлэх учиртай. Хамгийн гол нь Гэрэлбаатар ганцаараа тэмцээгүй, төлөөлөгчид олонхиороо дэмжиж баталсаны хүчинд аймгийн ИТХ-ын тогтоол гаргаж чадсан. Энэ тогтоолын үр шимийг нь аймгийн ард иргэд хүртэж байна.  Тиймээс төлөөлөгч, гишүүн хэн ч байсан зөв зүйлийг хөөцөлдөж, бүтээхэд нэг хүн ч нэгддэггүй юм байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд ажиллаж байхдаа би ойлгосон.

-Гишүүд, эрх мэдэлтнүүд анзаардаггүй гэж боддог байх. Гэтэл иргэд бид анзаарчихсан… зүгээр л хүлээзнэж байдаг шүү дээ. Ийм байдал Дорнод аймагт ч бас харагддаг. Их хуралд сонгогдоод л яваад өгдөг, эргэж ирдэггүй, эргэх холбоогүй. Нэг ёсондоо энэ нутагт амьдардаггүй хүнийг гишүүнээр сонгосоны уршиг л байх даа?

-Ний нуугүй хэлэхэд Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлын гишүүд  ашиг сонирхлын зөрчил ихтэй байдгийг бид өнгөрсөн дөрвөн жилд зөндөө харлаа. Тухайлбал, газрын тосны олборлолтоос орон нутагт 30 хувийг авдаг болбол жилд 60-90 тэрбум төгрөг аймагт орж ирнэ. Ингэснээр аймгаа хөгжүүлэх бүрэн боломжтой болно. Дороос гарсан санал санаачилгыг ажил хэрэг болгоход явж явж тухайн аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бяд харагддаг. Энэ нь тухайн хүний оюуны цар чадал, овсгоо самбаа, хүчин чармайлт, зарим үед заль хүртэл орж байж ажил хэрэг болох үгүй нь шийдэгддэг.  Тийм болохоор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд маань хоорондоо эв түнжинтэй, аймаг орон нутгийн удирдлагуудтай үг хэлээ эвлэгхэн олдог, доошоо аймаг нь сумтайгаа гэхчлэн нэг цул баг болж ажиллаж чадвал болохгүй бүтэхгүй ажил байхгүй.  Хоёрт гэвэл, намын шинэ залуу боловсон хүчнээ дэмжинэ гээд байсан нам маань нөгөө л өмнө сонгогдож байсан, өөрсдийн дохио зангааны “ах нар”-ыг дахин нэр дэвшүүлэх нь тодорхой болж байна. Мөн хаагуур, юу хийж явсан юм бэ гэмээр хүмүүс гэнэт нутгийн нэр зүүж, өссөн төрсөн гэдгээ сая ухаарч нутаг орондоо хайртай нэгэн болж гарч ирж байгааг бид харж байна.  Байдал ийм байхад миний хувьд зүгээр хараад сууж чадахгүй нь. Дахиад 30 жил улс орны хөгжил ийм байдлаар явбал хэцүүднэ шүү дээ. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон гэж харж байгаа.

-2020 оны Улсын их хурлын сонгуульд өмнө байгаагүй олон бие даагч нэр дэвшихээр бүртгүүллээ. Нэр дэвшигчидтэй хэр холбоотой, харилцаатай байгаа вэ?

-Эцсийн байдлаар асуудал шийдэгдээгүй болохоор ярих нь эрт байна. Зарим нь өөрийн итгэл үнэмшлээр нэрээ дэвшүүлж байхад зарим нь санал хуваах зорилгоор дэвшиж байгаа нь ч бий.  Дийлэнх нь өөрийн итгэл үнэмшлээр гэж ойлгож болно. Хоёр намд ч мэдлэг боловсрол өндөр, үзэл бодол зөв олон сайхан залуус байна. Гэтэл нам гэдэг хайрцагт орчихоод яаж ч хөдөлж чадахгүй, юу ч хэлж чадахгүй байж байна.

Сонгогчдын санаа бодлыг сонсож явахад нам гэхээсээ илүү улс орноо гэсэн бодол сэтгэлтэй хүнийг сонгоно гэсэн хүн олон болсон байна. Яагаад хоёр зуугаад хүн бие дааж өрсөлдөхөөр шийдэв? гээд бодоод үз л дээ. Том өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг үзэл санаан дээр тэд нэгдэж байна. Сонгогчид хоёр намд ээлжилж итгэл хүлээлгэж үзлээ, хамтарсан засагтай ч байж үзсэн. Яг үнэндээ энэ хоёр намаас өөр сонголт сонгогчдод байгаагүй. Одоо бол өөр. Энэ олон бие даан нэр дэвшигчээс бүр багаар бодоход зөвлөл байгуулахуйц хүн сонгогдож таарна. Олуулаа гарч ирэх тусам хуучны энэ систем тогтолцоог халж чадах чадамж бүрдэнэ. Хүмүүс нийгмээ өөрчлөх зөв бодолтой болж. Ингэж л харж байна.

-Бие даагчдыг зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа явагдаад байна уу даа гэсэн хардлага төрсөн. Намдаа гомдсон хүмүүс бие дааж байгаа … гэх мэтээр?

-Улс төрийн бохир технологи гэж харсан. Бие даагчдын нэрийг харлуулах, сонгогчдын сэтгэл санааг үймүүлэх гэсэн явуургүй санаа. Би гэхэд гомдож тунирхаад явдаг насны хүн мөн үү. Яасан гэж гомдох юм бэ. Харин ч бие даан нэр дэвшиж байгаа хүмүүсийг би эх орончид гэж нэрлэмээр байна. Тэдний дийлэнх нь өөрийн гэсэн бизнестэй, эзэмшсэн боловсролтой, зарим нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байгаа. Олон жил явж ирсэн нийгмийн энэ тогтолцоог өөрчилж тэр зузаан хана хэрмийг нураахад өөрсдийн итгэл үнэмшлээр нэгдэж нийлсэн олон хүн байж үр дүнд хүрнэ. Бидний үеийнхэн дороос нь эхлээд өнөөдрийг хүртэл удаан замаар мөлхөж ирсэн. Гэтэл хүний цүнх бариад гүйж явсан залуу маргааш нь төрийн өндөр албан тушаал хаших энүүхэнд болчихож. Тэгэхлээр энэ нийгэм тэр чигээрээ системээрээ буруу яваад байна. Үүнийг яаж зүгээр хараад, амиа хичээгээд явах юм бэ. Олуулаа хөгжие, аймгаа аймаг шиг сайхан аймаг болгоё. Энэ хашаан дотроо би мянган сайхан зүлэг модтой, хог шороогүй сайхан байгаад яах юм бэ. Хашаанаас цааш хармаар байна. Нам гэдэг хайрцганд хашигдмааргүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх барьсан том намууд юу хийж байв, Ямар бодлого хэрэгжүүлэв? Бодлого зөв байсан бол өнөөдөр бидний амьдралд ямар өөрчлөлт гарах байв?  гээд бодоод үз. Цөөхөн хэдхэн хүний амьдрал л аятайхан байна шүү дээ. Энэ бидний хүссэн хөгжил биш шүү дээ. Тэгэхлээр нам зөв явж, зөв хөгжүүлжээ гэж хэлж болох уу. Гомдол гэвэл энэ л байна.

-Таныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад яригдаж байсныг санаж байна?

-2016-2020 онд ажилласан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь аймгийн Хурлын даргад намайг нэр дэвшихэд дэмжиж хуулийн дагуу асуудал шийдэгдсэн ч төв намаас намын бодлого гэдгээр болиулсан. Миний хувьд энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэхээр шүүхэд хандсан. Хамгийн гол нь албан тушаалд томилох, томилогдохгүй дээ биш юм. Хууль дүрэм, шударга үнэн гэдгийн эцсийг үзэхээр би хуулийн байгууллагад хандсан. Одоогоор анхан болон давж заалдах шатны шүүх хурлаар миний талд шийдэгдээд үргэлжлээд явж байна.

-Та аймгийн алдарт уяач. Бас адууны соёл, монгол дархлааг маш их ярьдаг, олон ажил хийдэг хүн?

-Баярлалаа. Монгол Улсын хэмжээнд 60 мянган уяач байдаг. Уяачдыг би адууны соёлоор дамжуулж Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг авч үлдэх гэж зорьж яваа жинхэнэ эх орончид гэж боддог, хүндэлдэг. Энгийн жишээ хэлэхэд, автомашины олон брендийг монголчууд төдийгүй дэлхий дахинд мэднэ. Харин монгол адуу, морин уралдааныг зөвхөн Монголд л харна. Эндээс харахад л маш том соёлын өвийг тээгчид бол уяачид юм. Монгол дархлаа, монгол өв соёлоо авч үлдэхийн төлөө монголын олон мянган уяачид зүтгэж байна. Маш том дархлааг бий болгох гэж зүтгэж байгаа жинхэнэ эх орончид бол уяачид юм. Тиймээс миний хувьд Монгол адууны соёл, монгол дархлааг хамгаалах чиглэлээр ажиллах нь нэр төрийн хэрэг юм.

Сэтгүүлч Х.Заяа

8Comments

Add yours
  1. 2
    Зочин

    ард түмний эрх ашгийг хамгаалсан хууль баталж чадах залуучуудыгаа дэмжиж байнаа

  2. 4
    Anonymous

    Namaasaa garchihaa.nam shig hereggvi um alga gej oilgoloo.Matad cymiin vdeltiin hagas ger shig bvteen baigyylaltiig oopoo hiicen vv haryu bichne yy

  3. 5
    Zochin

    Manai aimgiin Ashigt maltmal olborloj export hiideg gadaadiin kompanyyd aimagt hedii hemjeeni tolbor opon nytagt oryyldag ve uagaad ene tyhai ve veiin zasag darga nar medeelel hiideggvi um be medej bval ta haryulaach

+ Leave a Comment