Эрдэнэт үйлдвэрийн cайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад “айрагдсан” Н.Тугтөгсийн тухай өгүүлэх нь. Хууз сахалтай, бөх шинжийн хүдэр биетэй, идэр насны энэ эр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Хэвний хэсгийн дарга. Түүнтэй уулзахаар Цутгуурын цехэд ирэхэд, эдний хэсэгт хийгдэж буй “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв хийх технологи нэвтрүүлэх” бүтээн байгуулалтын төгсгөлийн шат, тоног төхөөрөмжийн тохируулгын ажил өрнөж байв. Шинэ тоног төхөөрөмж суурилуулсантай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журам, эрсдэлийн үнэлгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны карт боловсруулах гээд тэд үдэш оройгүй сууж, ачаалалтай ажиллаж байгаа гэнэ. Ажилчдаа шинэ тоног төхөөрөмж дээр сургах, дадлагажуулах ажил ундарч байгааг учирлав.  Тэрээр Их хурлын гишүүдийн тоотой дүйцэхүйц  энэ “том” хамт олныг удирдан,  үйлдвэрлэлийн чухал процессыг үр ашигтай авч явахын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулна.
Н.Тугтөгс Цутгуурын цехийн ажилчны энгийн хөдөлмөрөөс эхлэн бүхий л шат дамжлага, технологийг мэддэг хүний хувьд тухайн ажлын зовлон бэрхшээлийг андахгүй. Түүний ажил, өөрийнх нь хэлснээр удирдлага ажилчин хоёрын гүүр болдог. Тэр залуустаа  “Ажилдаа өөриймсөг хандаж, аливааг хугацаанд нь чанартай хийвэл дараагийн ажил овоорохгүй, зам мөр нь зөв болно” гэж сургана. Бас зөв хандлагатай байж,  байнга сурч, өөрийгөө хөгжүүлэн шинийг эрэлхийлж,  биеэ   дайчлан ажиллахыг өөрөөсөө ч, өрөөл бусдаас ч шаардана. Тэр дээд сургуулиа төгсөөд Заводдоо засварчин, материал бэлтгэгчээр жил гаруй  ажиллаад л анхан шатны удирдлага болох мастер болсон. Мөн мастераар 14 жил ажиллаад, хэсгийн даргаар томилогдон өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байна. Түүний шилдэг чанарууд тушаал дэвшихэд нөлөөлсөн нь мэдээж. Тэр удирдагч хүнд байх шилдэг чанар юу вэ? гэсэн асуултад, “Том ч бай, бага ч бай хамт олныг удирдаж буй хүн мэдрэмжтэй байж, ажилчныхаа жаргал зовлонг ойлгодог, тэднийхээ төлөө сэтгэлээ зориулдаг байх нь чухал” гэж хариулсан юм. Эдний хэсгийнхэн хэвийн бус нөхцөлд ачаалалтай ажилладаг болохоор амралт чөлөөт цагаа зөв зохицуулж, мэргэжлээс шалтгаалах өвчинд ажилчдаа өртүүлэхгүй байхад даргын хувьд ихээхэн санаа тавьж явдаг юм билээ. Н.Тугтөгс хамт олноо сайн удирдахын зэрэгцээ бүтээмж сайжруулах,  ажлын байрны тав тухыг хангах, аюулгүй ажиллах, эргономик буюу ажлыг биед эвтэй байдлаар гүйцэтгэн мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр, цаг хугацаа, материал хэмнэхэд чиглэсэн санал санаачилга тогтмол гарган, өөрийн  биеэр үлгэрлэж, хамт олноо идэвхжүүлдэг. Тэр хамт олноороо, шилдэг шинийг санаачлагчаараа бахархаж, суралцаж явдгаа ч нуугаагүй. “Сайн саналын системийн 100 манлайлагчийн  жагсаалтыг тэргүүлэгч Б.Бат-Эрдэнэ манай  хэсгийнх. Түүний бүтээлч чанараас үүдэн хамт олны дунд шинийг эрэлхийлэх уур амьсгал төлөвшиж, ажлын орчин нөхцөл сайжирч, ажлыг осолгүй зөв гүйцэтгэх, бага материалаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хандлага эрс нэмэгдэж байгаа” гэж Н.Тугтөгс бахархан ярьсан юм.
     Н.Тугтөгс өнгөрсөн онд  51 санал дэвшүүлсний долоо нь маш сайн, сайн саналаар, 19 нь энгийн саналаар үнэлэгдэж, 34 хувь нь хэрэгжсэн байдаг. Ганцхан   жишээ дурдахад түүний санаачилсан “Шингэн металл юүлэх шанаганы ашиглалтын цагийг уртасгах” төсөл мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татсан. Шингэн металл юүлэгч шанаганы доторлогоог нунтаг материал оруулан хийснээр  эдийн засгийн хэмнэлттэй болж, ашиглалтын хугацааг уртасгажээ. Эдийн засгийн ач холбогдлыг нь тоон үзүүлэлтээр авч үзвэл таван тонны шанагыг жилд 20 удаа засварладаг байсан бол төсөл хэрэгжүүлснээр зургаан удаа засварладаг болжээ. Үүнээс үүдэн материалын зардал 35,3 сая  төгрөг буюу 49 хувиар, хөдөлмөр зарцуулалтыг  544 цаг буюу 85 хувиар  бууруулсан байна.
   Түүний олон санал, санаачилга ажил хөнгөвчилж, аюул ослоос  сэргийлж, өртөг зардал бууруулжээ. Тэр зөвхөн санаачлаад зогсохгүй, хамт олноо шинийг санаачлах үйлсэд түүчээлэн дагуулж,  уриалан дууддаг. Шилдэг манлайлагчийн үйлс бүтээл нь улам өрнүүн байг.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.