“Ипотекийн зээлээ хойшлуулсан хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй”

COVID-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээл авсан иргэдийн зээл төлөх хугацааг 3 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр гаргасан билээ. 

Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдах аж.  Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах аж.

Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулах юм байна.  Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болох нь.

Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.

Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.

Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.

Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуулсан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна.

МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.

Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

+ There are no comments

Add yours