УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: “Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын товыг тогтоож, баталсан. Нийт 16 том хуулийн төсөл байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор 15 хуульд нэмэлт өөрчлөлт орох ёстой. Коронавирусын дэгдэлт, тархалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас цаг алдалгүй яаралтай арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор хичнээн хууль, тогтоомж орж ирэхийг таашгүй байна. Энэ хаврын чуулган асар их ачаалалтай чуулган болно.

Маргаашаас хаврын чуулганы үйл ажиллагаа цэгцэрч эхэлнэ.

Маргааш 10 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэнэ.

Үргэлжлээд 11 цаг, 12 цагаас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Коронавируст халдвараас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл орж ирнэ. Энэхүү тогтоолын төслийг дагалдаж 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно.

Онцгой нөхцөл байдалтай холбогдуулж маргааш өдрийн 15 цагт УИХ-ын чуулган хуралдана. Чуулганаар цахим хуралдааны дэгийг албан ёсоор батлах ёстой. Лхагва гарагт хоёр дахь хэлэлцүүлэг явагдана. Пүрэв, баасан гарагт үргэлжлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дэгийнхээ дагуу хуралдана” гэлээ.

+ There are no comments

Add yours