Итали улсад коронавирусийн тархалтын эрч саарч эхэлжээ

Коронавирусийн тахлын улмаас Европ тивийн хамгийн аюултай цэг болоод байсан Итали улсад сүүлийн хоёр долоо хоногийн хугацааны хамгийн цөөн эндэгдэл Ням гарагт бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 525 хүн халдварын улмаас нас барсан нь гуравдугаар сарын 19-нөөс хойш хугацааны хамгийн бага түвшин юм.

Нийлбэр дүнгээр Итали улсын эндэгдлийн тоо 15,887 хүрсэн нь дэлхий дахинд бүртгэгдсэн нийт эндэгдлийн дөрөвний нэг орчим болж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн шинэ халдварын тоо 4,316 хүрсэн нь сүүлийн таван өдрийн хамгийн бага өсөлттэй өдөр болжээ. Одоо тус улс нийт 128,948 халдварын тохиолдолтойгоор дэлхийд АНУ, Испани улсуудын дараа бичигдэж байна.

Нэг үгээр хэлбэл хоёрдугаар сарын 21-ний өдөр анхны халдварын тохиолдол илэрч байсан Итали улсад зургаан долоо хоног орчмын дараа тахлын эрч суларч эхэлсэн нь энэ юм.

Гуравдугаар сарын 9-нд Италид хөл хорионы хатуу дэглэм тогтоож эхэлсэн нь үр дүнгээ өгч байна гэж тус улсын эрх баригчид үзэж байна.

Одоо тахлын “хоёрдугаар үе шат”-нд хэрхэн ажиллахаа Италийн засгийн газар төлөвлөж байгаа гэнэ.

“Хэцүү хүнд цаг үе биднийг хүлээж байна. Одоо бидний зорилго бол вакцин гарах хүртэл вирустэй зэрэгцэж амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм” гэж Италийн эрүүл мэндийн сайд Роберто Сперанза хэвлэлд ярьжээ.

Одоо тус улсад үйлчилж байгаа өргөн хүрээний хөл хорионы дэглэм дөрөвдүгээр сарын 13-нд өндөрлөнө. Гэхдээ ихэнх албаныхан, мэргэжилтнүүд энэ хугацааг сунгах, эсвэл хэсэгчилж цуцлах ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

+ There are no comments

Add yours