Төрлөө олоогүй таван жил…

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр: Хохирогч О нь гавал, тархины битүү гэмтэл,тархины хатуу бүрхүүлийн доор цус их хэмжээгээр хураагдсан, тархины няцралтаас үүдсэн дарагдалттай, тархи битүү хавагнаж, гуя, шилбэ, өгзөг, ууц, зүүн бугалга, баруун мөр, нүүрэндээ олон тооны цус хуралт, зулгаралт, шалбаралттай. Дүгнэх нь: “Хохирогчийн биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлдлээр үүснэ. Хохирогч нь тархины хүнд гэмтэл авсаны улмаас тархи нь дарагдаж нас барсан. Хохирогчийн биед үхэлд нөлөөлөх хууч өвчин байгаагүй”.

Өөрөөр хэлбэл хохирогч О эмнэлгийн зохих ёсны тусламж авсан боловч амь нас нь аврагдах магадлал маш бага байсан. Учир нь түүний биеийн 50 хувийг хамарсан маш хүнд гэмтлүүд эмнэлгийн ямар ч тусламжаар амийг нь аврах боломжгүй байсаныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлсон байв…

Хохирогч О гэж хэн бэ?

Хохирогч охиныг Отгонжаргал гэдэг байжээ. 1998 оны намрын хүйтэн салхитай өдөр гэр бүлээсээ төөрсөн \төөрүүлсэн ч байж магадгүй\ гурван настай охинтой Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны зохион байгуулагч Хандаа Хархорин зах дээр таарсан байдаг. Ядруухан хувцастай жаахан охин согтуу этгээдэд дайрагдан шавар шавхайтай хутгалдан унасан атлаа инээсээр босч ирэхийг нь хараад гүйж очсон Хандаа бүсгүй охиныг дагуулж яваа хүн байгаа эсэхийг  удтал хайгаад хэнийг ч олоогүй учир Баянхошуунд байрлах хүүхдийн асран хүмүүжүүлэх газар хүргэж  өгчээ. Асрахын ажилчид жаахан охиныг хооллож, усанд оруулан хувцас хунарыг нь солиод нэрийг нь асуухад Отгонжаргал хэмээн өгүүлээд насыг нь асуухад гурван хуруугаа харуулж байсан гэдэг. Байнгад л инээж явах тас хар нүдтэй жаалхан охин тун чиг удалгүй асрахын ажилчдын хайрыг булааж, зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн хайранд ирсэн жаалхан охин ч анх ирж байсан турь муутай туранхай байхаа болин мяраалан хэний ч хайрыг булаах болсон нэгэн өдөр Баянхошууны асрахын захирлын өрөөнд даруухан инээмсэглэсэн бүсгүй орж ирсэн нь охиныг олдсоноос жилийн дараа буюу 1999 оны намар цаг.

Асрах төвийн ажилтан Даваацэрэн: “Би том гуйлттай явна аа, эгч минь. Танайхаас хүүхэд үрчилж авах гэсэн юм. Би уржигдар гадна талбайд тоглож байгаа хүүхдүүдийг харж байсан чинь өөрийн эрхгүй нүдэнд туссан, ер нь энэ бол миний охин мөн байна гэж бодогдсон охиныг үрчилж авмаар байна, та надад туслаач гэж гуйсан. Мөн гэр бүл болоод таван жил болж байгаа хэдий ч хүүхэдгүй, нөхөр бид хоёр хүүхдэд үнэхээр хайртай учир хүүхэд үрчилж авахаар их ярьдаг. Тэгээд хамаатныхаа хүүхдийг үрчилж авсан чинь найман сар болгоод ээж аав нь ирээд аваад явчихсан. Түүнээс хойш асрамжийн газраас л хүүхэд авах нь зөв юм байна гэж шийдээд, танай гадна ирж хүүхдүүд харж суудаг болсон. Охиныг надад өгчихөөч, манай хүн автобаазад ажилладаг, цалин мөнгө хангалттай авдаг. Бас ламаас асуусан чинь охин хүүхэд өргөж авбал хүүхэдтэй болно гэсэн… гэх мэтээр зовлон жаргал ярьж гуйсан. Тиймээс ямар охиныг үрчилж авах гээд байгааг нь асуухад Отгонжаргалыг заасан” гэж өгүүлсэн байдаг.

Нүүд дүүрэн нулимстай зовлон жаргалаа ярин, жаахан охиныг өөрийн үр шигээ хайрлан өсгөнө хэмээн ам өчгөө өгөн гуйсан бүсгүйн үгэнд итгэсэн асрамжийн газрын бүсгүйчүүдэд аль болох бүсгүйд туслахыг хүсэн, нөгөө талаараа хэн бүхний хайрыг татсан хөөрхөн охиноо халуун дулаан гэр бүлтэй болгохыг хүссэндээ хүүхэд үрчилж авахад шаардагдах бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн ирж, охиныг үрчилж авахыг зөвшөөрсөн байдаг. Харин өөрийгөө Оюун хэмээн танилцуулсан тэр бүсгүй, өнөөдөр наймдугаар сарын 31. Лам манайхыг 9 дүгээр сарын 1-ний өлзий буян нь дэлгэрсэн сайн өдөр гэртээ охиныг оруулаарай гэсэн юм. бичиг баримт бүрдүүлэхэд ганц өдөр амжихгүй. Тиймээс охиныг гэртээ ламын хэлсэн өдөр оруулан, хонуулчихаад аваад ирье хэмээн дахин гуйсан байна. Нэгэнт Отгонжаргал охин гэр бүлтэй болж байгаа, мөн ээж нь болох бүсгүй гуйсан учир асрамжийн газраас охиныг гэртээ долоо хонуулаад авчрахыг хүсээд хамт явуулжээ. Долоон хоногийн дараа Отгонжаргал охин Оюун бүсгүйн хамтаар асрамжийн газар ирэхэд багш, ажилчид охиноос тэр айлд амьдарч чадах эсэхийг асуухад, “би ээжтэй болсон, ээжтэйгээ амьдармаар байна” хэмээснээр ерөнхийдөө охиныг өргүүлэх ажил бүрэн шийдвэрлэгдсэн байдаг…

Охин яагаад амиа алдав?

Охиныг өргүүлсэнээс хойш жилийн дараа 10 дугаар сарын 14-ны өдөр автобус баазад засварчин аав аавыгаа ажилдаа явахаар зэхэж байхад Отгонжаргал охин гүйж ирэн аавдаа үнсүүлсэнээ нэг л зүйл хэлэх гээд зориглохгүй байгаа шинжтэй нь анзаарагдаж. Тэр бүү хэл аавдаа үнсүүлж байхдаа чихэнд нь “ааваа, битгий яв л даа, намайг битгий орхиж яв” хэмээн хошуу цорвойн шивнэн гуйж, бүр явуулахгүй гэж чин сэтгэлээсээ хүсээд байгаа нь анзаарагдсан учир аав нь охиноо элгэндээ тэврэн дахин үнсээд нүд рүү нь харахад тэр гэхийн аргагүй гунигтай, жаахан охины нүд гэхэд дэндүү өрөвдөлтэй санагдахад зүрх нь өөрийн эрхгүй хатгах шиг санагдсан тухайгаа сүүлд мөрдөн байцаалтад өгүүлэн өөрийгөө зүхэж байсан эр бол Отгонжаргал охиныг өргөж авсан гэрийн эзэн Л.Доржпүрэв.

Харин ажилдаа явахгүй бол дарга загнана гэсэн аавынхаа үгийг сонссон жаалхан охин саяхан л дагаж уйлах гэж байснаа гэнэт өөрчлөгдөн эгээ л том хүн шиг “ааваа, ажилдаа хурдан яваарай, надаас болж даргадаа загнуулж болохгүй шүү, харин ажлаа тараад охиндоо хурдан ирээрэй” хэмээн өгүүлээд том хүн шиг санаа алдсанаа “ээжтэйгээ үлдэе дээ” хэмээгээд “би аавыгаа хэнд ч загнуулахгүй” гэсээр үлдсэн байдаг. Л.Доржпүрэв ажилдаа яаран гэрээсээ гарч, автобусанд суугаад явж байхдаа охиноо гэнэт санан сэтгэл нь өөрийн эрхгүй тавгүйрхэж, бас хэзээ ч охин нь энэ өглөөнийх шиг зан гаргаж байгаагүйг бодон өөрийн эрхгүй сэтгэл нь хөндүүрлэн нэг л мэдэхэд автобусаас буучихсан замын нөгөө талын буудал руу гүйж явсанаа гэнэт өөрийгөө анзааран “ажлын цаг тулчихсан байхад би солиотой байх аа. Охин яах вэ, аавыгаа өдөр болгон ажилд  явахаар дургүйцээд л тийм зан гаргасан байх. Харин өнөөдөр ажлаа хурдан амжуулаад гэртээ ирэх минь” хэмээн өөртэйгээ ярьсаар ажилруугаа буцаж…

Тэр өдөр нэлээд шахуу ажилтай байсаар өдрийн хоол цайгаа ч мартан шамдсаар ажил тарах цаг болонгуут нэг л яарсан сэтгэлээрээ ажлынхаа хажуугийн дэлгүүрээс охиндоо цагаан самар, иштэй чихэр авч халааслаад гэртээ яаран ирэхэд охин нь орон дээрээ тарайчихсан унтаж байж. Өглөө л ажилдаа явахад битгий яваач гэж гуйгаад байсан охиноо тайван аргагүй унтаж байхыг харсан Л.Доржпүрэв сэтгэл нь амсхийн зөөлхөн алхсаар орных нь хажууд ирж, үнсэхээр тонгойтол … тавхан настай жаалхан охины нүүр хавдаж тэгшрээд, шанаа, уруул нь хэгзэрч, царай нь зэвхий цагаан болсон байв…

Ухасийн охиноо тэвэрсэн Л.Доржпүрэв “охин минь яачих ваа, ухаан алга, бүр таталт өгчихөж” хэмээн хашгирахад хоолоо хийж байсан эхнэр нь гүйж ирэн “дөнгөж сая зүв зүгээр байсан, нүх рүү уначихлаа гээд орж ирээд унтсан даа” хэмээгээд сэрээх гэж сэгсрэхэд “солиороо юу, зүгээр байсан хүүхдийн нүүр ам яахаараа ийм болдог юм, ямар нүх рүү унасан гэж, өдөржин гэртээ байхдаа охиноо харахгүй юу хийсэн юм” хэмээн загнаад түргэн дуудах гэтэл эхнэр нь “түргэнээр яах юм, бариачид очиё” гэснээр бариачид очиж үзүүлсэн байдаг.

Харин бариач, охиныг барихыг хүсээгүйгээр барахгүй, “жаахан охиныг яачихсан юм бэ та нар, хурдан эмнэлэг яваач” хэмээн загнасан учир тэд Гэмтэлийн эмнэлэг дээр шууд ирсэнээр эрчимт эмчилгээнд хамруулж, мэс засал хийсэн ч маргааш өдөр нь Отгонжаргал охин хорвоог орхисон байна.

Охины амийг хэн хөнөөв?

Охин гадны нөлөөтэй нас барсан учир аав нь цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхлэв. Олон удаагийн мөрдөн байцаалт, удаа дараагийн шалгалт, шүүх шинжилгээний эмчийн дүгнэлтийг үндэслэн охины ээж Оюуныг цагдаагийн байгууллагаас саатуулан, баривчилсан байна. Харин Оюун, “охин нүх рүү унасан” гэхээс өөр мэдүүлэг өгөхгүй, мөн унасан гэх нүхээ ч зааж өгөхгүй, орчны газарт үзлэг хийхэд охиныг унаж амиа алдахаар нүх ч байгаагүй учир амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татан Оюуныг Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулсан байдаг.

Оюун Ганцхудагт хоригдон байцаалт өгөх болсноор өмнө өгсөн мэдүүлгээ гэнэт өөрчилж, “10 дугаар сарын 12-ны өдөр 14.00-15.00 цагийн орчим охин бие засахаар гадаа гарсан. Орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гарч  хайтал, хашаанд ч жорлонд ч байгаагүй. Харин хашаанаас гараад харахад, нэлээд олон хашаа өнгөрчихсөн гудамжаар доошоо зугтаж байсан. Араас нь дуудахад эргэж хараагүй, тиймээс гүйж очин барьж аваад гэртээ оруулж байгаад хоёр гарын шуунаас нь хоёр удаа базаж, ар нуруу, бөгс руу нь цохьсон. Тухайн үед  их уурласан болохоор хэдэн удаа цохьсоноо санахгүй байна, сүүлд нь өөрийнх нь өмсдөг өвлийн түрийтэй гутлаар гар хөл рүү нь цохиж байснаа санаж байна. Тэр орой хоолоо хийж идээд унтсан. Маргааш нь охин зүв зүгээр байсан. Харин нөгөөдөр нь боорцог хайрч байсан чинь ширээний хажууд зогсч байгаад гэнэт пидхийгээд унасан. “миний хүү босоорой” гэхэд босоогүй, очоод үзэхэд царай нь сонин болсон байсан учир орон дээр хэвтүүлээд хацар руу нь сэрээх гэж хэд алгадсан, үнэртэй ус үнэртүүлж, гар хөлийг нь хөдөлгөтөл ямар ч хөдөлгөөн байхгүй байсан. Тэгээд орон дээр хэвтүүлээд байж байтал нөхөр ирж таарсан” гэдэг мэдүүлэг өгсөн байдаг…

Төгсгөл…

Монгол Улсын шүүхээс шүүгдэгч Оюунд “бусдын биед онц хүнд гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь хохироосон гэж үзэн 12 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх”-ээр шийтгэсэн байна. Харин асрамжийн газрын нар болон гэрэлтэж олон хүний хайрыг татаж байсан жаалхан охиныг сэтгэл муутай буруу хүний аальд автан үхэл рүү явуулсандаа маш их харамсч байгаагаа өгүүлсэн асрамжийн газрын ажилтнууд шүүх хуралд гэрчээр оролцжээ…

С.Баяр

2Comments

Add yours
  1. 2
    хүн

    бузар хүүхэн бэ. анх эхлээд өргөж авсан хүүхдийг найман сарын дараа ээж аав нь эргүүлээд авчихсан гэхээр бас зодож нүдээд баригдсан байж магадгүй юм байна. ийм байхад тэр нөхөр гээд дүүрчихсэн хүүр арай ухаан сэхээтэй байсан бол хөөрхий охин амьд байх ч юм билүү

Leave a Reply to Zochin Cancel reply