Өчигдөр 1,075 хүн тусгаарлах байрнаас гарчээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж байна.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Хоёрдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд нийт 1,075 хүн тусгаарлах байрнаас гарсан. Одоогоор 616 иргэн гэрээр хяналтад байна. Шуурхай штабаас нэр хаяг, байрлах хаягуудыг сум, хорооны ажилтнуудад шилжүүлсэн. Олон нийтийн хүч хөдөлмөрөөр хяналтыг хийж байгаа” гэв.

Мөн орон нутгаас Улаанбаатарт ирж тусгаарлагдсан хүмүүс яаж гэр лүүгээ буцах тухай асуулт Шуурхай штабт их иржээ. Уг асуултад Шуурхай штабаас хувийн машинаар гэр лүүгээ буцахыг зөвлөж, тусгаарлалтаас гарах хоногоо тооцон, хувийн зохион байгуулалтаа хийгээрэй хэмээн хариуллаа.

Хурандаа Б.Ууганбаяр “Тусгай үүргийн нислэгээр ирэх хүмүүсээ хүлээн авах байруудыг бэлтгэж байна. Хүрэлцээ, хангамж тун хүнд байна. Томоохон зочид буудлуудын удирдлагатай уулзсан. Гэхдээ тодорхой асуудлууд дээр тохиролцож чадаагүй тул зарим нь татгалзсан.

Ойрын хугацаанд тусгай үүргийн хоёр онгоцоор ирэх хүмүүсийг тусгаарлах байрыг тодорхой нэрлэх боломжгүй байна” гэв.

+ There are no comments

Add yours