Г.Батбаатар: Ц.Цогзолмаатай гар бариулахын тулд надад 2.3 тэрбумын акт тогтоож, гүтгэсэн

AШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар 2018 оны долдугаар сарын 09-нд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Улмаар гурван шатны шүүхээс түүнийг “хууль бусаар халагдсан” болохыг тогтоосон байдаг. Халагдсанаасаа хойш нам гүм амьдарсан тэрбээр манай сайтад дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш Г.Батбаатартай ярилцсанаа хүргэж байна.

-НАМАЙГ ХАЛАГДСАНЫ ДАРАА НОМЫН ӨРГӨӨНИЙ ХААЛГЫГ ЭВДЭЖ ОРООД НОМУУДЫГ МИНЬ КОРИДОРТ ГАРГААД ХАЯЧИХСАН БАЙСАН-

-АШУҮИС-ийн захирлын суудлыг тойрсон маргаан өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй хэвээр үргэлжилж байна. Өнөөдөр асуудал ямар түвшинд байна вэ?

-Хоёр жилийн өмнө буюу 2018 оны долдугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарч байлаа. Тухайн үед би ээлжийн амралтаа аваад эмнэлэгт хэвтчихсэн байсан үе л дээ. Тушаал гаргачихаад намайг “Ирж уулз” гэж боловсролын яамнаас ярьсан. Тэгээд “Би эмнэлэгт хэвтэж байна. Эмийн чөлөөний хугацаа дуусахаар очъё” гээд учирласан ч “тэр хамаагүй, гар хөл чинь салчихаагүй бол ир” гэж хэлсэн. Эмийн чөлөөтэй хугацаагаа дуусгаад ажлаа хүлээлгэн өгсөн, би. Илт, үндэслэлгүйгээр халагдсан гэж үзээд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Учир нь 2017 оны аудитын дүгнэлтийг үндэслэн намайг халсан байдаг. Гэтэл 2017 оны аудитын дүгнэлт ямар нэгэн санхүүгийн зөрчилгүй, стандарт дүгнэлт гарчихсан байсан. Түүнчлэн, захиргааны зөрчил удаа дараа гаргасан гэсэн үндэслэл дурьдсан байсан л даа. Гэтэл би нэг ч удаа захиргааны зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулж байгаагүй. Ц.Цогзолмаа сайд намайг дуудаж уулзаад учир байдлаа хэлж болох л байсан. Харин ийм утгагүй үндэслэлүүдээр халсан нь хүлээн зөвшөөрч болшгүй зүйл.

-Халагдах тушаалаа тэврээд л чимээгүй гарч байв уу, та?

-Их сургуулийн удирдлагад би хэрэггүй хүн байж болно. Харин сурсан мэдсэнээ оюутнуудад зааж чадна гэж бодсон. Би багшаар ажиллая гэхэд хүлээж аваагүй. Миний “номын өрөө” гэж жижигхэн ч талаар нь шахуу номтой өрөө байсан. Гэтэл намайг эзгүйд хаалгыг эвдэн, цоожийг сольж, бүх номыг коридорт гаргаад, “Иргэн Г.Батбаатар та юм аа ав” гээд бичиг үлдээчихсэн байсан. Би үүнд их эмзэглэсэн. Өнөөдөр анагаахын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 60, 70 хувь нь миний шавь нар. Миний эрдмийн зэрэг, цол хэргэмийг хүндэлдэггүй юм аа гэхэд олон шавь нарыг минь хүндэлж болоогүй юм болов уу.

-ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ УВАЙГҮЙ ОРОЛДЛОГУУДЫГ ХИЙЖ БАЙГААД БАРИГДСАН-

-Гурван шатны шүүхээс таныг “үндэслэлгүй халагдсан” гэх шийдвэр гарсан байдагГэвч шийдвэр нь өдий хүртэл биелээгүй байгаагийн шалтгаан юу вэ?

-Тийм. 2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр анхан шатны шүүх намайг “үндэслэлгүйгээр халсан” болохыг тогтоосон. Гэвч Ц.Цогзолмаа сайд шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр гарсны маргааш “2017, 2018 оны санхүүгийн баримтуудыг шалгах” удирдамжаар яамны Дотоод аудит, хяналт шинжилгээний мэргэжилтнүүдийг томилсон байдаг. Ингээд 2018 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Мөн л “үндэслэлгүй халсан” гэдгийг магадласан. Эл шийдвэрийг Ц.Цогзолмаа сайд мөн л хүлээн зөвшөөрөлгүй дээд шүүхэд хандсан байдаг. Ингэж явсаар, 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулж, “Г.Батбаатарыг ажилд нь эгүүлэн тогтоох” тогтоол гарсан. Уг нь хууль, шүүхээ дээдэлдэг оронд бол шууд л ажлаа хүлээлцэх арга хэмжээ авах ёстой. Харамсалтай нь тийм ёсзүй манайд алга. Дээд шүүхийн тогтоолыг уншиж сонсгомогц заавал хэрэгжүүлэх ёстойг хуульчилсан байдаг юм билээ. Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн шүүхээс “Шүүхийн шийдвэр албадан биелүүлэх захирамж” 2019 оны долдугаар сарын 30-ны өдөр гарсан. Шүүхийн шийдвэр биелэгдэнэ гэдэгт итгэж байлаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Ямар нэгэн шалтаг гаргасаар өдийг хүрч ирлээ.

-Ямар шалтаг гаргав?

-Ж.Цолмонгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Цэндсүрэн гэх хүн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт сайдын нэрийн өмнөөс янз бүрийг бичиг өгсөн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагааг зогсоох увайгүй оролдлогуудыг хийсэн. Тэгээд баригдсан. Тиймээс би өмгөөлөгчдийн холбоонд ч гомдол гаргасан. Мөн нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын нэр бүхий хүнтэй уулзахад “Хэрэв сайд дарга нар зөвшөөрөхгүй бол шүүхийн шийдвэр биелэхэд хэцүү шүү” гэж надад хэлж байсан. Боловсролын яам нь одоо хүртэл таг чиг. Боловсролын сайд Ё.Баатарбилэг юм уу, сайд дарга нарт нь асуудал байна уу, бүү мэд. Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт нөлөөлж шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна гэсэн хардлага надад бий.

-Таны өмгөөлөгч төрийн гурван өндөрлөг, хууль зүйн сайдад хандаад байсан. Тэдний зүгээс ямар хариулт өгч байв?

-Миний өмгөөлөгч Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүртэл хандсан. Гэтэл У.Хүрэлсүх сайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гарын үсэг бүхий албан бичгийг БСШУС-ын яам руу илгээж, “хуулийг хэрэгжүүлж ажилла” гэж үүрэгдсэн. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ШШБГ-т, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бичиг хүргүүлж, “энэ асуудлыг анхааралдаа ав” гэсэн байдаг. Хэрэв шүүхийн шийдвэр биелүүлж чаддаггүй юм бол энэ том алба байгаад яах юм бэ. Шүүхийн шийдвэр албадан биелүүлэх захирамж гаргаад яах юм бэ. Үүрэг гүйцэтгэгч нар нь ажлаа хийхгүй. Тэгсэн хэрнээ татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Ажлаа хийхгүй бол татан буулгах хэрэгтэй.

-АРАВДУГААР САРД Ё.БААТАРБИЛЭГ САЙДТАЙ УУЛЗАХАД “ТУН УДАХГҮЙ ШИЙДНЭ, БАЙЖ БАЙ” ГЭЭД ЗУРГААН САР ӨНГӨРЛӨӨ-

-Тэгэхээр хэн нэгний эрх ашиг Монгол Улсын хуулиас дээгүүрт тавигдаж байгаагийн илэрхийлэл юм уу даа?

-Би хэлж мэдэхгүй байна. Намын эрх ашиг гэдэг нь юм болов уу. Би ямар нэг намд харъяалагддаггүй. Таны асуудлыг шийднэ гэдэг үгийг сонсоод зургаан сарын нүүрийг үзэж байна.

-Та Ё.Баатарбилэг сайдтай биечлэн уулзав уу. Танд ямар зүйл хэлж байв?

-Өнгөрөгч аравдугаар сард уулзсан. “Тун удахгүй шийднэ” гэсэн хариултыг өгсөн. Түүнээс хойш зургаан сар өнгөрчихлөө. Монгол Улс хууль эрх зүйт орон, шүүхийн шийдвэр биелэгдэх байлгүй дээ.

-Ц.ЦОГЗОЛМАА САЙДЫН БИЕТ ТӨЛӨӨЛӨГЧ “ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЪЯ, ШҮҮХЭЭС ӨРГӨДЛӨӨ АВ” ГЭЭД ЗАЛГАСАН-

-Таныг ажлаас тань чөлөөлөхийн өмнө “Дэд захирлын албан тушаал хашиж, Ж.Цолмонтой хамтарч ажилла” гэдэг санал тавьсан гэж тухайн үед зарим хэвлэлүүдээр мэдээлж байв. Үнэхээр ийм санал тавиад та хүлээж аваагүй юм уу?

-Би Ц.Цогзолмаа сайдтай нэг ч удаа уулзаагүй. Уулзъя гэж дөрвөн удаа хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Надад “Ж.Цолмонтой хамтарч ажилла” гэдэг санал тавиагүй. Харин Ц.Цогзолмаа сайдын бие төлөөлөгч гэх хүн над руу утсаар ярьсан. Ингэхдээ “Эвлэрлийн гэрээ байгуулъя, шүүхээс өргөдлөө ав” гэх байдлаар ярьсан. Би бусдын л адил олон шавьтай, хамт олонтой, үр хүүхэдтэй хүн. Тиймээс эвлэрлийн гэрээг байгуулахыг зөвшөөрсний дараа Эрдмийн сургуулийн захирлаар томиллоо гэсэн ч хоёр хоногийн дараа халах тушаал гаргасан. Үнэхээр тоглоом шиг байгаа биз. Эвлэрлийн гэрээ шүүхээр батлагдаагүй байсан учир гарын үсэг зурахаас татгалзсан. Ийм л увайгүй зүйл хийдэг юм билээ. Тэгээд үүнийгээ “Өө, энэ хүнд албан тушаал өгсөн, өөрөө л хийгээгүй” гэж ярьдаг.

-Ц.ЦОГЗОЛМААГ САЙД БОЛОХООС ӨМНӨ НӨХӨР НЬ ОХИНОО АЖИЛД АВААЧ ГЭХ САНАЛ НАДАД ТАВЬЖ БАЙСАН НЬ ҮНЭН-

-Ц.Цогзолмаа сайд томилогдсоныхоо дараа дүүгээ ч бил үү хүүхдээ ч бил үү ажилд авахыг танд санал болгосон. Эл саналыг нь хүлээж аваагүйгээс ажлаас тань халахаар дарамталж эхэлсэн гэх мэдээлэл мөн л цахим орчинд явсан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Сайд болоогүй байсан үе л дээ. Охин нь Хятадад Анагаахын сургууль төгссөн юм билээ. Сайдын нөхөр бид хоёр ЕБС-ийн нэг ангийн хоёр юм л даа. Тэгээд нэг удаа охиноо ажилд аваач гэх тодорхой санал тавьж байсан нь үнэн. Хятадын Анагаахын сургуулийн хөтөлбөр манайхаас ялгаатай. Дээд боловсролын хуулинд “Их дээд сургуульд багшлах хүн мастер ба түүнээс дээш цолтой байна” гэж заасан байдаг. Хуулийн дагуу бакалавр цолтой хүнийг аваагүй. Энэ нь намайг халах шалтгаан болсон эсэхийг мэдэхгүй. Сайд болмогцоо л Г.Батбаатарыг зайлуулна гээд л зарласан. 2018 оны наймдугаар сарын 27-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр “Монгол-Японы сургалтын эмнэлэг”-ийн эмч нарыг Японд сургахдаа дандаа өөрийнхөө хамаатнуудыг сургасан гэж гүтгэх, харлуулах, доромжлох ажлаа зохион байгуулалттайгаар эхэлсэн дээ.

-СУРГУУЛИЙН ТӨСВИЙГ БУДЛИУЛАХЫН ТУЛД НАМАЙГ АЖЛААС ХАЛАХ НЭГ ШАЛТГААН БОЛСОН Ч БАЙЖ МАГАД-

-“Монгол-Японы сургалтын эмнэлэг” гэснээс эл эмнэлгийн эргэн тойронд баахан будлиан үүсэж, одоо л асуудал шийдэгдэж байх шиг байна. Хөндлөнгөөс хараад юу гэж дүгнэв? 

-Намайг ажлаас халмагцаа Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж сургалтын эмнэлэгт төсөвлөгдсөн Монгол талын хөрөнгийг барилга руу оруулсан байсан. Энэ нь намайг халах бас нэг шалтгаан байсныг хожим ойлгосон. Тэгээд төсөвгүй болсон эмнэлгээ 2019 оны нэгдүгээр сард ЭМЯ-ны харъяанд шилжүүлсэн. Бодлогогүй хүмүүсийн будилаан болоод өнгөрсөн. Сая Засгийн газрын тогтоол гарч эмнэлгийг эгүүлэн Боловсролын яамны харъяанд шилжүүлсэн эерэг шийдвэр гарлаа. АШУҮИС-ийн багш нар, сэтгүүлчид, олон нийтийн уйгагүй чармайлтын үр дүнд эмнэлэгийн үйл ажиллагаа зөв гольдролдоо орчихлоо гэж харж сууна даа.

-“1.9 тэрбумын акт тогтоосон, их хэмжээний мөнгө завшсан, Батхуяг гэх хүнтэй нийлж тендер будлиантуулсан” гээд таны тухай таагүй мэдээллүүд хөвөрдөг. Та тайлбар өгөөч?

-Би үүнд тайлбар өгье л дөө. Намайг үндэслэлгүйгээр халсан гэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсны нөгөөдөр нь яамнаас АШУҮИС-ийн 2017, 2018 оны санхүүд шалгалт хийхээр БСШУСЯ-аас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс ирсэн байдаг. Тэд “хүссэнээ” олоогүй учир 2016, 2015, 2014 гээд бүх онуудыг шалгаж эхэлсэн. Удирдамжаа зөрчөөд шүү дээ. Батбаатараас заавал “но” ол гэх үүрэг авсан тухай шалгалт хийсэн хүнээс дуулж байв. Улмаар намайг буруутгахын тулд сургуулийн зүгээс санхүүгийн баримтуудыг дутуу гаргаж өгч байсан юм билээ. Би энэ тухай сүүлд мэдсэн. Дутуу баримт дээр үндэслэн буруутгаж эхэлсэн. Намайг нэг удаа ч болов дуудаад “энэ юу юм бэ” гээд асуучхаж болно доо. Өөрийн буруугүйг нотлох надад асар хүнд байсан.

Яагаад?

-Яагаад гэвэл би санхүүгийн баримтуудыг өөртөө хувилж авалгүй бүгдийг нь хүлээлгэж өгсөн учир өөрийгөө буруугүйг нотлох хэцүү байсан. Гэтэл 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр БСШУСЯ-ны Хяналт үнэлгээ, шинжилгээний газрын дарга н.Энхболд гэх хүн намайг дуудан “За Г.Батбаатар захирлаа танд 2.3 тэрбум төгрөгийн есөн акт тогтоосон” гэж хэлдэг юм байна. “Юун акт, надад акт тогтоож байгаа бол надад яагаад танилцуулдаггүй юм бэ” гэтэл “Одоо танилцуулж байна” гэсэн. Хартал зөвшөөрсөн гэх хэсэгт Ж.Цолмон гарын үсэг зураад миний өмнөөс зөвшөөрсөн байсан гээд бод доо. “Би хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ хэлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэтэл н.Энхболд гэх дарга “Г.Батбаатар захирлаа, та Ц.Цогзолмаатай гар барьчих л даа. Энэ бол улстөр, уг нь акт тавихаар зүйл биш, үүнийг би ураад хаячихъя” гэж хэлсэн. Тэгэхээр том зөрчил илрүүлсэн болж, том тоо яриад байсан нь зөвхөн намайг дарж авах гэсэн санаа байж л дээ. Би энэ явдлын талаар одоо л ам нээж байна. Ц.Цогзолмаатай гар бариулахын тулд л надад ийм хэмжээний тоо нааж, гүтгэсэн. Тэгээд сарын дараа зарим сайтуудаар “Г.Батбаатар 2.3 тэрбум төгрөг иджээ” гэх мэдээлэл цацагдаж эхэлсэндээ. Би Сангийн яаманд гомдол гаргасан ба зургаан актыг нь хүчингүй болгосон, үлдсэнийг нь Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлэхээр хандсан байгаа. Ирэх долоо хоногоос хуралдана, үнэн зөв шийднэ гэдэгт итгэлтэй байна. Таны асуусан Ц.Батхуяг бол манай сургуулийн Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаад бас л хууль бусаар халагдсан. Тэр хүн өөрийнхөө үүрэгт ажлыг хийснээс бус ямар нэг хууль зөрчөөгүй болохыг шалгаж тогтоосон.

-Ямар гурван акт үлдсэн бэ?

-“Яагаад үндэслэлгүй гурван акт үлдчихэв ээ” гэж Сангийн яамнаас тодруулахад “Улс төр яваад байна. Өөр арга алга” гэж хариулсан шүү. Тухайн гурван актыг одоо би тайлбарлая л даа.

Нэгдүгээрт нь, 2015 оноос багш, эрдэмтдийнхээ судалгааны ажлыг дэмжих зорилгоор бид төсөл шалгаруулаад санхүүжүүлж эхэлсэн. 2017 онд доктор Д.Нямбаярын төсөл шалгарсан юм байна. Төслийн санхүүжилтэнд Японоос ирэх, явах онгоцны тийз, байр, хоол гээд 18 сая төгрөг батлуулсанаас 6 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Гэтэл тэр төслийн ажлын мөнгийг “намайг төл” гэсэн акт гарсан байгаа юм.

Хоёрдугаарт, 2017 оны гуравдугаар сард АШУҮИС-ийн дэд захирал Сүмбэрзул бид хоёр Японы гурван их сургуульд ажлын айлчлал хийсэн юм. Тухайн үеийн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа онгоцны зардал, буудалд байрлах төсөв баталж өгсөн. Японы гурван өөр их сургуульд ажлын айлчлал хийхэд хот хооронд зорчих шаардлага гарсан. Хот хоорондын зардлыг гүйцэтгэлээр тооцно гэсэн Сангийн сайдын тушаал бий. Тэр дагуу бүх баримтыг бүрдүүлээд санхүүдээ өгсөн. Гэтэл Н.Сүмбэрзул бид хоёрыг 600 мянган төгрөгийг илүү зарцуулсан гээд “Г.Батбаатараар төлүүлэх ёстой” гэдэг акт тогтоосон.

Гуравдугаарт, 2017 оны улсын төсөвт ариутгалын аппарат авахаар 29 сая төгрөг суулгасан байдаг. 29 сая төгрөгөөр тендер зарлаад ч аппарат олдоогүй. Ингээд 2018 онд эмнэлэг ашиглалтад орох учир өндөр хүчин чадал бүхий ариутгалын аппарат авах шаардлага тулгарсан. Улмаар ХҮГ-аас тендер зарлаж 48 сая төгрөгний үнэ бүхий ариутгалын аппарат авсан. Ингээд “29 сая төгрөг төсөвлөчхөөд 48 саяар аппарат авсан байна. Зөрүү мөнгийг төл” гэдэг гурав дахь акт тогтоосон. Гэтэл энэ аппаратыг өнөөдрийг хүртэл ашиглаад л байж байна шүү дээ. Ийм л учиртай гурван акт бий.

-Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн босгыг алхаж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би 1985 онд энэ их сургуулийн оюутан болж байлаа. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа багшаар эхэлж, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирлын албыг хашсан. Улмаар 2013 оны наймдугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж АШУҮИС-ийн захирлаар томилогдон ажилласан. Ингэхээр өнгөрсөн 35 жил энэ л эрдэмлэг хамт олны дунд сурч, боловсорч, хүмүүжиж, өсөж өндийжээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Эх сурвалж:eguur.mn

+ There are no comments

Add yours