Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам байна

Одоогоор сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө батлан Үндэсний аудитын газарт хүргэж өгч байна. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 -д “Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан байдаг.

Хуулийн энэ заалтын дагуу Ардчилсан нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт гардуулж өгсөн. Ардчилсан нам нь чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн Баруун төвийн үзэл баримтлал бүхий намын хувьд Монгол өрх, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол өрх-Хөгжлийн бодлого” мөрийн хөтөлбөрийг намын бүх шатны байгууллагуудаараа хоёр жилийн хугацаанд хэлэлцүүлж, нийт 20 мянга гаруй иргэний саналыг авч тусгаснаараа онцлог болсон байна. Мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа нь “Өрхийг дэмжсэн өсөлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Тухайлбал, өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруу­лах, баялгийн хуваари­­лалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг нийгмийн захиалгатай олон асуудал багтсан байна. Иргэдийн амьжиргааны түвшинг төрөөс бодлогоор дэмжсэнээр хөрсний бохирдол, орон сууц, боловсрол, хүн амын хэт төвлөрөл зэрэг нийгмийн шинж чанартай олон асуудал зах зээлийн эдийн засгийн зарчмаар шат дараатай шийдэгдэж, Монгол Улс дан ганц уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хараат байдлаас гарч, олон талт эдийн засгийн суурь тавигдана гэж үзжээ. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсны дараа Ардчилсан намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах аяныг орон даяар зохион байгуулах юм байна.

МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо шийдээд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталсан байна. Түүнчлэн МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа ирэх сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Ийнхүү эрх баригч МАН тавдугаар сард нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө дахин хуралдах шаардлагагүйгээр асуудлаа шийдсэн байна. Энэ удаагийн Бага хурлаар сонгуультай холбоотой асуудал хэлэлцэхээс гадна намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилно гэдэг мэдээлэл байсан. Харин Ц.Бат-Энх Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр энэ асуудал хэлэлцэгдэх шаардлагагүй болжээ.

Харин Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний дотор шийдвэрлэх юм. Үүний дараагаар олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж Сонгуулийн тухай хуулинд заажээ. Энэ хугацаа нь 2020 оны тавдугаар сарын10-16-ныг дуустал байх юм.

+ There are no comments

Add yours