Цагааннуурын боомтоор ачаа тээвэр хэвийн явагдаж байна

Манай улсын баруун хойд бүсийн хилийн Цагааннуур-Ташаантын боомтоор зорчигчдыг 3 дугаар сарын 23-наас нэвтрүүлэхгүй болсон. Харин ачаа тээвэр хэвийн явагдаж байна.

МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагчийн удирдамжаар тус шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн хяналтын байцаагч нар хилийн хяналтын байгууллагуудын ажилтай танилцаж заавар, зөвлөгөө өгөв.

Тус боомтод ачаа, тээврийн хэрэгслийг бүрэн ариутган халдваргүйжүүлж байна. Боомтод мөрдөх журмыг чангатгаж хил, хяналтын байгууллагын алба хаагч, ажилтнуудын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мэргэжлийн байгууллага хянан ажиллаж байна.

 

Өчигдөр буюу 3 дугаар сарын 23-нд ОХУ-аас орж ирсэн 33 зорчигчийг хүлээн авч, биеийн халууныг нь хэмжих, тандалт судалгаа хийх, асуумжийн хуудас бөглүүлэх, тээврийн хэрэгсэл болон ачааг ариутгах ажлуудыг заавар, журмын дагуу гүйцэтгүүлж, зорчигчдыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд бэлдсэн тусгаарлах, ажиглах байранд оруулаад байна.

Тухайн өдөр ОХУ-аас нэвтэрсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүйг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж байна.

+ There are no comments

Add yours