Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын гэм бурууг шүүх хурал товлогджээ

Нийслэлийн прокурорын газраас Ш.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнийг хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09.00 цагт товлолоо гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Хэргийн тухайд сануулахад, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг эрүү, иргэний хэрэгт өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар хууль хяналтын байгууллагын албан тушаалтанд хээл, хахууль өгсөн, зуучилсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Уг хэрэгт таван шүүгчийг холбогдуулаад байгаа бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар 1,445,200 ам.доллар хураан авсан юм.

+ There are no comments

Add yours