“Говь-Алтай аймгийн удирдлагууд өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон”

Говь-Алтай аймагт иргэн Б автомашиндаа нас барсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04 цаг 20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа.

Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд аймгийн Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар нэгэн байдлаар бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурсан асуудал тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм” гэлээ.

+ There are no comments

Add yours