Г.Энхбаяр: Д.Батлут гэдэг хүн 100 жилийн дараа амьдрах эрдэнэтчүүдийн төлөө ШУТП-ийг байгуулсан юм шүү дээ

Монголчууд хийж, бүтээсээр…,  Хөдөө, орон нутгийн оюунлаг залуучууд нэгдэн монгол технологи бүхий электрод, тогтоц сайтай, хүний бие организмд  сөрөг нөлөөгүй будаг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсний бодит жишээг Орхон аймгаас олж хараарай.  Аймгийн ЗДТГ  хөрсөн дээрх  бүтээн байгуулалтаас гадна оюуны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсны үр дүн нь дээрх бүтээгдэхүүнүүд. Орхон аймгийн ШУТП-ийн захирал Г.Энхбаяртай манай сурвалжлагч уулзаж ярилцсан байна. 

Иноваци  гэх нэр томъёо   эдийн засгийн хэллэгт орж ирээд удаагүй байна.  Хөгжлийн хурдац нь ямар шатандаа яваа гэж та бодож байна вэ?  

  • Ер нь иноваци гэдэг нь маш энгийн  ойлголт. Ер нь аливаа технологийг   сайжруулж,  шинэ санаагаар баяжуулж,   мэдлэг  шингэсэн, эдийн засгийн үр ашигтай   бүтээгдэхүүн үйлдвэрлэн  зах зээлд нийлүүлэхийг хэлэх болов уу.   Би ингэж  боддог.  Монгол Улс иновациас хол явж ирсэн.   Амьдралынх нь хэв маягтай холбоотой байж мэднэ.  Гэхдээ манайд нутагшаад удаж байгаа шүү дээ. Социализмын үед ШБОС гэдэг байсан. Үүний тод илрэл нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өөрөө.    Хоёр орны эрдэмтэн судлаачид, эдийн засагчдын   олон жилийн хөдөлмөр,   судалгааны үндсэн дээр байгуулагдсан үйлдвэр.   Өнөөдрийн өндөрлөгөөс харахад ,  газар дээр болон газар доорхи бүтээн байгуулалт нь жинхэнэ утгаараа иноваци. Оросууд байгуулан  бидэнд хүлээлгэж өгөөд буцсан хэдий ч  гайхалтай иновациудын нэг.    Үүний дараа орох иноваци бол Оюу толгой болон түүнтэй зэрэгцэхүйц бүтээн байгуулалтууд.   Оюу толгой бол маш их хөрөнгө оруулалт шаардсан оюуны бүтээл. Эдийн засгийн үр ашгийн хувьд ч дэлхийд нэрлэгдэж байгаа шүү дээ.    Энэ мэтчилэн олон иновацийг нэрлэж болно.
  • Хууль, эрхзүйн орчин нь хэр бүрдсэн байдаг  юм бол?
  • Ер бол иновацийг бүрдүүлж байгаа бодлогын чанартай хоёр, гуравхан зүйл байдаг. ОХУ, АНУ гэх мэтийн глобаль эдийн засагтай үйлдвэрлэгч орнууд  дэлхийн хэмжээний төсөл хөтөлбөрүүд рүү шууд л яваад орчихдог.   Шулуухан хэлэхэд, том том төслүүдийг  барьж авч байгаа нь  эдийн засгийн чадамж муутай бусад орнуудыг  хөлдөө чирдэг нь нууц биш.  Тэдний араас Зүүн өмнөд ази, Япон, Солонгос  мэтийн  хөгжлийн хэмнэл нь  хоёрдугаарт бичигддэг  орнууд   тэдний  голсон  жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг.   Өөрөөр  хэлбэл,  эдийн засгийнхаа урсгалаас  ихээхэн хамааралтай зүйл гээд ойлгочиход гэмгүй. Монгол  Улс  харьцангуй залуу  инженер,  техникчтэй орон.  Дөнгөж  гурав дахь үеийн инженерүүдийн эрин үе эхэлж  байгаа.  Би өөрөөрөө  бодоход, өвөө маань малчин,  миний  аав социологич.  Гэхдээ манай улс  ямартай ч  өөрийн гэсэн Иновацийн тухай хуультай  орон.   Батлагдаад арав гаруй жилийн нүүр үзэж буй.  Гэхдээ аль улсын хуулийг монголчилж, өөрийн  болгов гэх тухайд  эргэлзээтэй ч  үр дүнгийн тухайд ч  муулж болохооргүй.  Бодит байдал гэвэл  хуулийн зүйл заалтаар  ямар үр дүнд хүрэх нь,   хэн  мөрдөх нь,  хэн зангидах нь,  хэн хөрөнгө оруулах нь   тодорхойгүй явж ирсэн.  Хууль ,эрх зүй талаасаа боломжийн харагддаг ч энэ мэтчилэн эргэж харах зүйл олон бий.  Миний харж байгаагаар, хуульд байсхийгээд нэмэлт, өөрчлөлт оруулдаг нь хэрэгжих шатандаа ойлгомжгүй байдлыг үүсгэдэг.  Гаднаас хуулж, нутагшуулсан учраас тэр байх.  Өөрчлөлт бүхний дараа хуулийн амин сүнс  анх харж, төсөөлж байснаас шал өөр зүг рүү хандчихдаг. Энэ салбарт хүчин зүтгэж яваа хүний хувьд хэлэхэд, алсын хараа нь зөв мэргэн байх аваас  хууль жижигдэггүй.  Алхам бүрийг томьёолж,  хууль  болгон мөрдүүлнэ гэдэг  хэцүү зүйл шүү.
  • Орхон аймгийн ШУТП хэдийд байгуулагдав. Өнөөдрийн байдлаар та бүхэн дотоодын  зах зээлд хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн   санал болгоод явж байна вэ?
  • Манайх өөрөө аж үйлдвэржсэн хот.  Эдийн засгийн чадамжийн хувьд бусад орон нутагтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй боловч  тасралтгүй үйл ажиллагаатай  судалгаа, шинжилгээний байгууллагагүй хот   гэж хэлж  болно.  Бүх их, дээд сургуулиуд  Улаанбаатарт байна.  Шинжлэх ухааны академийн  салбар хүрээлэнгүүд   Улаанбаатарт төвлөрсөн. Гэтэл   манай энд   байхгүй. Шинжлэх  ухаан, технологи ямар нэгэн байдлаар хөгжинө. Олон арван инженер ухаанаа уралдуулж буй Эрдэнэт үйлдвэр өөрөө технологийн парк.  Уул уурхайн баялаг дээр   суурилсан эдийн засгийн чадавхитай  манай аймгийн удирдлагууд  шинжлэх ухаан технологийн паркийг байгуулах шийдвэр гаргасан.  Энэ л хамгаас чухал зүйл.   ШУТП бол  Орхон аймгийн 100 мянган иргэний өмч. Эрдэнэт үйлдвэрийнх биш.   Бидний хувьд Монгол Улсад хамгийн том иноваци бүхий Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллана гэдэг нэр  төрийн хэрэг.

– Тэгвэл “Эрдэнэт”үйлдвэрийг  текник, сургалтын баазын алинаар “ашигладаг ” вэ?

  •  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бол техникийн болоод сургалтын баазын аль нь ч биш. Харин  хэрэглэгч  бааз.  Дээр нь тодруулж хэлэхэд, манайх сургалт явуулдаггүй.   Зөвхөн өөрсдийн хийсэн судалгаа,  түүн дээр түшиглэж гарч ирсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх  нь  бидний зорилго.   Мөн иргэдийг чадавхижуулж,  үйлдвэрлэгч болоход нь дэмжлэг үзүүлдэг.  Зөвхөн тэдэндээ   зориулсан сургалтыг  зохион байгуулж ирсэн.
  • Эдийн засгийн болоод орчин нөхцлийн дэмжлэггүйгээр судалгаа шинжилгээний ажил явахгүй. Орон нутагтайгаа ямар байдлаар хамтарч ажиллаж ирэв. Парк байгуулах  санаа хэнийх вэ?
  • Манай парк байгуулагдаад гуравхан жил болж буй. Санаа нь Д.Батлут гэж хүнийх. Аймгийн Засаг дарга. Тэрбээр  бидэнтэй анх уулзахдаа “Дэлхийн олон  хотод ШУТП байдаг юм байна.  Тиймээс та бүхэн нүдээр үзэж, биеэр танилц” хэмээсэн.    Энэ бол залуу судлаачдын хувьд маш том боломж. Уул уурхай дагасан хэрэглээ өндөртэй хотын зах зээл дэх эрэлт их шүү дээ.  Нөгөө талаас нь авч үзэхэд, байгалийн баялаг шавхагдана. Тэр үед эрдэнэчүүд хэрхэн амьдрах вэ гэх тухайд  Батлут гэдэг хүний санаа зовниж эхэлсний илэрхийлэл нь ШУТП.   Бид анхны уулзалтаасаа   ажил хэрэг болгохыг зорьсон. ЗДТГ дэмжлэг үзүүлж хамтарч , ажилласан.   Хүрэх  зорилго, алсын хараа  маань  маш том. Харин үйл ажиллагааны өнөөдрийн түвшинг маш том гэж ойлгож болохгүй.   Яагаад гэвэл манайх  судалгаанд суурилсан байгууллага.    Хөл дээрээ тогтох гэж ядаж буй хэмжээнд   ойлгоорой.
  • Та их нэрэлхүү хүн юм. Электродын үйлдвэр, будгийн үйлдвэртэй болж, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлээд эхэлсэн гэдэг нь өөрөө амжилт . Би ингэж дүгнэж байна?
  • – Орон нутагт амьдрал бужигнах ёстой. Зах зээл нь байна, боловсон хүчний нөөц нь байна, хуулийн  хуулийн этгээдүүд нь  байна. Одоо орлого олж хөл дээрээ босох ёстой.  Тэр нь мэдээж үйлдвэрлэл явуулах асуудал.    Энэ л жамаар бид яваа.  Судалгааны байгууллага хэдий ч орлоготой, ашигтай ажиллахыг хичээж байна.    Ашгийнхаа тодорхой хувийг судалгаандаа зориулж таарна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд зах зээлээ судална. Бидэнд хамгийн ойр нь,  зах зээлийн эрэлт нь  ч электродын үйлдвэр байсан.  Судалгааг маш өргөн хүрээнд явуулсан. Дэлхий таньдаг  50 томоохон  үйлдвэрийн технологи, түүхий эдийг судалсан. Дээр нь хөрөнгө оруулалт.  Үнэнийг хэлэхэд, электрод бол өндөр технологийн бүтээгдэхүүн бол биш.  Гэхдээ манай бүтээгдэхүүнд   хэд хэдэн онцлог бий.     Дотооддоо  үйлдвэрлээд зогсохгүй,  ОХУ-ын   зүүн мужуудад экспортлох боломжтой. Түүнчлэн  ижил төрлийн бүтээгдэхүүнээ орлохуйц   чанартай бүтээгдэхүүн.  Үндсэн техникийн шаардлагын  хувьд Америк  стандартаар үйлдвэрлэгдсэн. Тиймээс   энэ нэр төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй  оронд экспортлох боломжтой. Түүхий эдийн хувьд  тодорхой хэмжээнд  дотоодын бүтээгдэхүүний  хөөсөнцрийг ашигласан.   Дотоодын түүхий эд,  бүтээгдэхүүнийг  ашиглаад олон улсын стандартаар  үйлдвэрлээд  эхлэхээр нэг төрлийн оюуны  шинэ бүтээл л болж таарч байгаа юм.
  • Электрод бол  металлыг холбох гол хэрэгсэл.  Бүтээн байгуулалт ид өрнөж байгаа манай улсад импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг эх оронч үйлдвэрлэл юм. Нэр төрлийн хувьд ямар металлыг холбох гэдгээс хамааралтай юу?

-Металл  нь  байгалиасаа янз бүрийн хэлбэртэй байдаггүй. Түүнийг  ямар нэгэн загварт оруулахад   металл холбогч  электродыг  ашиглана. Юуг холбож гагнах вэ гэдгээсээ хамаарч нэр төрөл нь өөр өөр байна.  Электрод бол мөнхийн хэрэглээ.

  • Танайх бүтээгдэхүүнээ зөвхөн  дотоодын зах зээлд нийлүүлж байна уу.
  • Тийм.
  • Тэгвэл  би  дэлхийн зах зээлд хөлөө олсон том компаниудаас  захиалга ирж байгаа гэж сонссон?
  • Чанарын асуудал. Богино хугацаанд анхны хөрөнгө оруулалтын зардлаа олж чадсан.  Ашигтай ажилласан учраас дараа дараагийн технологийн судалгааг  эхлүүлж чадсан.  Бусдыгаа чирээд явж байгаа үйлдвэр гэж хэлж болно.
  • Экспортлох хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа хэрэг үү?
  • Экспортлоход болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ бидэнд нэг л зүйл тулгараад байгаа юм. Тэр нь тээврийн асуудал. Электрод  маш хүнд, тэсэрч дэлбэрэх материал. Дээр нь манайх далайд гарцгүй гээд л.
  • Тэгвэл будгийн үйлдвэрийн зах зээлд эзлэх байр суурь ямар байгаа вэ?  
  • Манай залуусын  хамтын бүтээл. Мэдлэгтэй, сэтгэдэг хүн юуг ч санаачилж болдгийн жишээ энэ.  Электрод хийсэн хүн дараа нь химийн салбарт юу  л бол юуг хийж чадна. Металл сийлбэрийг хүртэл манай  залуучууд оролдож  эхэлсэн.   Будаг бол химийн  найрлагын хувьд маш олон  зүйлийн  суурь болдог. Их,  дээд сургуульд онол заах нэг хэрэг. Практикаар хийж үзэх  өөр  асуудал.  Барилгын салбарт өргөн ашиглагддаг будгийн технологи нь герман угшилтай. Манай үйлдвэр монгол будгаа олон улсад мөрдөгддөг чанар, стандартын дагуу үйлдвэрлэсэн.  Усан суурьтай, үнэргүй, тогтоц сайтай, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, галын аюулгүй байх гэх мэтийн бүхий л  шаардлагыг  хангасан гэдгээ энд онцлон дурдахыг хүсч байна.  Бүхий л сөрөг нөлөөллийг арилгасан хамгийн шилдэг бүтээгдэхүүн болгохыг зорьсон. Түүндээ ч хүрсэн. Зөвхөн судалгаан дээр  хоёр жил зарцуулсан.  Амаргүй ажил байсан. Маш олон тооны  туршилтын үр дүнд  гаргаж ирсэн технологи.  Бидний  гараар бүтсэн монгол технологи.  Манай багийн хамтын зүтгэл, оюуны бүтээл.   Патент  нь ч  биднийх.  Ер нь бол  будагны найрлагыг гаргаж авна гэдэг тараг бүрэхтэй л адил юм уу даа. Халуун дулаан, хөрөнгийг нь тааруулахгүй бол тараг  биш ээдэм болдогтой технологи нэг юм.

+ There are no comments

Add yours