З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан ч дахин хойшиллоо.

Тодруулбал, шүүх хуралдаанд гэрч, хохирогч болон хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч нарын зүгээс гаргасан тул шүүх хуралдааныг ийнхүү хойшлуулж, 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагт товложээ.

Өмнө нь З.Баянсэлэнгэ нарт холбогдуулан 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хахуул өгөх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр товлогдсон байсан ч улсын яллагч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг өнөөдөр хүртэл хойшлуулаад байсан юм.

З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа билээ.

+ There are no comments

Add yours