Д.Баатарбал: “Ач буян трэйвл” компани хууль бус үйлдлээ зогсоохгүй бол бид ч дуугүй суухгүй гэдгээ мэдэгдэж байна

Ховд аймгийн хот хоорондын нийтийн тээврийн “Цаст тээлийн зам” компанийн хуулийн зөвлөх Д.Баатарбалтай уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Компаниа манай уншигчдад танилцуулна уу. Баруун гурван аймгийн нийтийн тээврийн асуудал олны анхааралд өртсөн шалтгаан нөхцөл юу байв?
– “Цаст тээлийн зам” компани нь Ховд аймагт тээврийн үйл ажиллагаа явуулдаг, аймагтаа татвараа төлдөг, орон нутгийн компани. Манай компани нь хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд олон жил ажиллаж байсан орон нутгийн жолооч нарын хүсэлт, мөн нутгийн иргэдийн саналд үндэслэн судалгаа хийж үзээд “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар” чиглэлд шинээр давтамж нэмэгдүүлэх шаардлага байгаа тул, орон нутгийн жолооч нараа ажлын байраар хангах үүднээс шинээр 16.00 цагаас тээврийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ анх аймаг орон нутгийн удирдлагад танилцуулсан. Ингээд аймаг орон нутгийн удирдлагын зүгээс орон нутагт байнгын 30 гаруй ажлын байр нэмэгдүүлэх, төрөөс иргэдэд үзүүлж байгаа нийтийн тээврийн үйлчилгээнд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий ажил хэмээн дүгнэж, манай компанийг дэмжиж байгаагаа Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т албан бичгээр уламжилсан байдаг.
Цаг булаалдаагүй, нэмэлтээр орж ирж байгаа цагт орон нутгийн компани орж ажиллая гэхэд дургүйцэж байгаа шалтгаан нь юу байдаг юм болоо. Яагаад зөвшилцөөд нэгдэж ажиллаж чаддаггүй юм бэ?
-Манай компани хүсэлтээ Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т 2018 онд анхлан гаргаж байсан. Шинээр давтамж нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг “Ач буян трэйвэл”, “Ховд зорчигч тээвэр” компаниуд мэдсэнээс хойш эхний үед шинээр давтамж нэмэгдүүлэх шаардлага байхгүй гэсэн бодит бус мэдээлэл тарааж, элдэв аргаар ажилд саад учруулж эхэлсэн. Сүүлдээ шинэ компани оруулахгүй бид өөрснөө 16.00 цагаас явна гэдэг асуудал гаргаж ярих болсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 2-нд Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлчилгээний газраас “Улаанбаатар-Ховд-Улаанбаатар” чиглэлд 16.00 цагаас үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан “Цаст Тээлийн Зам”,“Ховд зорчигч тээвэр”,“Ач-Буян трэйвл” компаниудын төлөөллийг оролцуулан Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ үеэр Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас явуулсан судалгаагаар 2019.01.01-ээс 2019.08.01-ны хооронд үндсэн автобуснаас гадна нэмэлтээр нийт 302 автобус үйлчилгээнд гарсан нь шинээр давтамж нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа талаар мэдэгдсэн.
-Нэгэнт дээд шатны байгууллагаас зөвшөөрөл өгчихсөн байхад ижил үйлчилгээтэй хувийн компаниудын үйл ойлголцол тийм нөлөөтэй байдаг гэж үү.Эсвэл өөр шалтгаан байна уу?
-Хүсэлт гаргасан “Ховд зорчигч тээвэр”, “Ач буян трэйвл” комапиуд нь удаа дараа ноцтой зөрчил гаргаж Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэмж шинээр цагийн давтамж нэмэгдүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн. Ингээд манай компанитай гэрээ байгуулж 16.00 цагийн үйлчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмынхаа дагуу албан ёсны шийдвэрээ гаргасан юм. Гэтэл “Ач буян трэйвл”, “Ховд зорчигч тээвэр” компанийн зүгээс Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Зам тээврийн хөгжлийн яам руу бодит бус ташаа мэдээллүүд тарааж, манай компанийн үйл ажиллагаа болон жолооч нарын эрх ашгийг хохироож, элдэв саад учруулсаар байгаа тул өнөөг хүртэл 16.00 цагийн үйлчилгээ эхлээгүй, түдгэлзүүлчихсэнээс болж бид багагүй хохирол амсаад байна.
-Яагаад?
-Тэдний тарааж байгаа бодит бус мэдээллүүд, хийж байгаа дайралтуудад бид анхнаасаа хүлээцтэй хандаж байсан. Учир нь тус хоёр компанид ажиллаж байгаа Ховд аймгийнхаа нутгийн жолооч нарыг бодож байсан юм. Мөн тээвэрчдийн дунд байдаг алтан шар замд гарахын өмнө аливаа хэрүүл тэмцэл хийдэггүй бичигдээгүй хууль, уламжлалаа ч бодсон юм. Мөн тэдгээр компаниудтай холбоотой хууль бус үйлдлүүдийн тухай мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагуудад нь хүргэвэл тэдгээр компаниуд шинээр 16.00 цагийн үйлчилгээнд дахин эрх авах битгий хэл, одоо үзүүлж байгаа үйлчилгээний эрхээ ч алдах, цаашлаад хуулийн хариуцлага ч хүлээж болзошгүй нөхцөл байдалд хүрэхээр байсан учир бид болгоомжилсон юм. Учир нь дээрх байдалд хүрвэл тус хоёр компанид ажиллаж байгаа, банкинд өр зээл тавиад автобус авчихсан нутгийн жолооч найз, ах дүү нар л хамгийн хүнд байдалд орох тул бид анхнаасаа хүлээцтэй хандаж байсан юм шүү дээ.
Үнэхээр дэндсэн гажуудал биш гэж үү. Яагаад ийм байдал үүсчихээд байхад өдий хүртэл нь явуулаад байдаг юм бэ?
-Дээрх хоёр компанийн хувьд, ялангуяа “Ач буян трэйвл” компанийн удирдлагуудын хувьд жолооч нараа зүгээр л мөнгө олох багаж хэрэгсэл мэт үздэг гэдгийг Ховдын жолооч нар бүгд ярьдаг нь бодит үнэн. Түүнээс гадна “Ач буян трэйвл” компани нь орон нутгийнх биш Улаанбаатар хотод бүртгэлтэй компани. Гэтэл ийм компанийг 16 жилийн турш Ховдын жолооч нар тэжээж байгаа юм шүү дээ. Магадгүй, жолооч нараа компанийхаа үнэт зүйл гэдгийг ойлгож, хүндэлж харьцдаг, хамаатан садан, танил талдаа давуу боломж олгодоггүй, шударга үнэнчээр ажилладаг байсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан учраас алдаагаа бусдаас биш өөрсдөөсөө хайгаарай гэж энэ компанийн удирдлагуудад хатуу анхааруулмаар байна.
-Үнэхээр нөхцөл байдал ийм хүнд шатанд очтол асуудлыг хурцатгаад шийдвэр гаргахгүй байгаад байдаг дээд шатны шийдвэр гаргах төвшний байгууллагуудыг нэг л ойлгохгүй байна?
-16 жил монполь байдлаар хоёр компани үгсэн хуйвалдаж ажилласан байна. Одоо харин салхи оруулах цаг нь болсон. Монгол Улсын Засгийн газрын өнөөгийн бодлого ч зах зээлийн цэвэр өрсөлдөөний зарчмыг дэмжиж байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн байгууллагаас зах зээлд өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гаргахыг хориглосон тухай тодорхой заасан байгаа. Орон нутгийн гуравдагч компани оруулсанаар Ховдын ард иргэд л хожино. Ховд аймгийн нутгийн нийт ард иргэд та бүхэн минь энэхүү нөхцөлд байдалд бодитоор хандаж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу гарсан хууль ёсны шийдвэрийг дэмжиж бидэнтэй хамт гэдэгт бид итгэж байна.
Мөн “Ач буян трэйвл” компани болон “Ховд зорчигч тээвэр” компаний удирдлагуудад, “та бүхэн цаашид гүтгэлэг, дайралтуудаа таслан зогсоохгүй, жолооч нарыгаа хүчээр дарамталж, өмнөө бамбай болгон, хууль бус зүйлд турхирч, төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад болсоор байвал “Ач буян трэйвл” компани жолооч нартаа зах зээлийн үнээс өндөр үнээр автобус хүчээр шахдаг, компани нь өөрөө он дууссан автобус хилээр оруулж ирэн арлын дугаар зассан, өнгө өөрчилж буддаг, шугамаа өндөр үнээр зардаг зэрэг олон хууль бус фактуудыг чинь баримтжуулан зохих хууль хяналтын байгууллагуудад нь гарган өгч, хуулийн дагуу шийдэгдэх хүртэл тэмцэх болно гэдгийг мэдэгдэж байна”.
-Ингэхэд Хүрэлхүү гуайн холбоо жолооч нарт ямар ч хэрэггүй юм биш үү. Өөрийн эрхгүй л ингэж санагдлаа, жолооч нараа хамгаалахгүй юм бол… тийм холбоо хэнд хэрэгтэй юм…?
-Тээвэрчдийн нэгдсэн холбоо нь нийт тээвэрчид, жолооч нарын эрх ашгийг хамгаалдаггүй. Цөөн тооны компани, удирдлагуудынх нь эрх ашгийг л хамгаалдаг. Энэ шалтгааны улмаас өнөөдөр энэ холбоо нь задарч дийлэнх гишүүд нь буюу 80-90 хувь нь өөр холбоо байгуулж гарсан байгаа. Энэ холбооны тэргүүн Хүрэлхүү нь удаа дараа суудал ашиглалтын хувь, шинээр тээвэрлэлт хийх гэж байгаа компаниудын талаар ор үндэслэлгүй худал мэдээлэл байнга тарааж, суудал ашиглалт 50-хан хувьтай байгаа. Одоо явж байгаа компаниуд ямар ч ашиггүй ажиллаж байна. Мөн 41 хүн сууж байж автобус түлшний зардалаа нөхдөг гэж ор үндэсгүй худал ярьсан. Хот хооронд нийтийн тээвэр хийдэг жолооч нар бүгдээрээ нөхцөл байдал ямар байдгийг маш сайн мэднэ. Тиймээс энэ бүх ор үндэсгүй яриагаа зогсоо гэж бид шаардаж байгаа юм.

+ There are no comments

Add yours