Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэн батална

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гаргажээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн шийдвэр гаргалаа. Гол нь тэтгэврийн зээлийг тэглэж байгаа явдал нь нийгмийн хамгааллын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа том арга хэмжээ юм. Ялангуяа бага орлоготой ахмадуудыг дэмжих бодлого гэж үзэж байна. Тиймээс бүлэг дэмжсэн шийдвэр гаргасан. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэнэ” гэлээ.

Харин хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг “Зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдээ нэг удаа төрөөс харж үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Цагаан сарын өмнө Салхитын ордыг барьцаалж тэтгэврийн зээлийг тэглэнэ. Таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй, хаалттай бонд босгоно.

Тэтгэврийн зээлгүй 180 мянган ахмадын асуудлыг одоогоор ярихгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу тэтгэврийн зээлийг л нэг удаа тэглэнэ гэж байгаа” гэсэн тайлбар өглөө.

 

+ There are no comments

Add yours