АТҮТ-ийн дэд даргын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Ш.Батсайхан нь Авто тээврийн үндэсний төвийн дэд даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгоход дагаж мөрдөхөөр заасан хууль, журам, зааврыг зөрчиж “Тавантолгой шин” ХХК, “Банс транс” ХХК, “Их хурд хүч” ХХК-иудын эзэмшлийн давхардсан тоогоор нийт 1160 ширхэг тээврийн хэрэгслүүдэд Олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрлийг олгосон мэтээр, хууль бусаар Авто тээврийн үндэсний төвийн “ERP” цахим мэдээллийн системд бүртгэж буюу хууль бусаар бүртгүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Нийслэлийн прокурорын газраас Ш.Батсайханы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Шүүх шүүгдэгч Ш.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЗ/1966 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ням-Очирын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ш.Бд холбогдох 1702002450216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэлэлцсэн юм. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх аж.

+ There are no comments

Add yours