Нар хиртэнэ

Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд нар хиртэх аж. Уг нар хиртэлт нь 12 цаг 49 минутаас 13 цаг 46 минутын хооронд нийт 57 минут үргэлжлэх ба оргил үе нь 13 цаг 18 минутад харагдана. Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ.

Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно. Жил тутам дэлхий дээр 2-5 удаа нар хиртэлт явагддаг ч бүтэн хиртэлт нь 2-оос олонгүй байна. Гэхдээ тухайн газар орны хувьд нар хиртэлт нь тун ховор үзэгдэл гэж хэлж болно. Иймээс хүмүүс нар хиртэлтийг үзэхийн тулд жуулчлал хийх нь бий.

Нар хиртэлт нь байгалийн үзэгдэл боловч эрт цагт нар нь муу хүчний нөлөөнөөс болж хиртдэг гэж үздэг байв. Монголд нар хиртэхийг Рах гэгч, бөгсгүй аврага амьтан нарыг залгиснаас үүдэн бий болдог гэх домог байдаг бөгөөд бөгсөөр нь хурдан гаргахын тулд түмпэн сав нүдэж, хүүхэд уйлуулан, нохой хуцуулж их дуу чимээ гаргадаг заншилтай байжээ.

Нар хиртэлтийг дөрөв ангилдаг байна.

  • Бүтэн хиртэлт: Нар сарны ард бүтнээрээ орж, халхлагдана.
  • Хүрээт хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр давхцах боловч сарны харагдах хэмжээ нарнаас жижигхэн байх тохиолдолд нар нь хурц гэрэлтэй цагираг мэтээр харагдана.
  • Холимог хиртэлт бүтэн, хүрээт хиртэлтийн холимог. Харьцангуй ховор тохиолдоно.
  • Хагас хиртэлт: Нар, сар хоёр яг нэг шугаман дээр байрлаагүй үед нарны зарим хэсэг нь халхлагдана.

Нарнаас дэлхий хүртэлх зай, сарнаас дэлхий хүртэлх зайнаас ойролцоогоор 390 дахин хол бөгөөд нарны диаметр сарныхаас багцаагаар 400 дахин том байдаг. Энэ хоёр харьцаа бараг ижил байдаг тул нар, сар хоёр дэлхийгээс бараг ижил хэмжээтэй харагддаг байна.

Сар дэлхийг тойрох, дэлхий нарыг тойрох тойрог зам нь эллипс хэлбэртэй байдаг тул дэлхийгээс харахад нар, сар хоёрын хэмжээ томорч, жижгэрч харагддаг. Сар дэлхийд хамгийн ихээр ойртох үед нар хиртвэл бүтэн хиртэлт болдог аж.

+ There are no comments

Add yours