Нийслэлд 184 тонн түүхий нүүрс оруулахыг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нийслэл хотыг тойрсон авто тээврийн найман товчоонд мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Өнгөрсөн зургаан сарын хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 162032 авто машиныг шалгаж нэвтрүүлжээ. Энэ хугацаанд угаасан нүүрс 114846 тн, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд 43740 тн нүүрсийг Улаанбаатар хотод оруулж, 23864 тн нүүрсийг нийслэл хотоор дамжин өнгөрүүлсэн.

Гэвч зарим иргэд түүхий нүүрсийг хулгайгаар түлэх, хотруу оруулж ирэхийг завдах оролдлогууд гаргасаар байна. Тухайлбал Нийслэл хотруу түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завдсан 184 т түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч, торгуулийн арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн 6 дүүрэгт 66 айл өрх, аж ахуй нэгж нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж, 91,8 т нүүрсийг Амгалангийн дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан байна. Түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд мэдэгдэхийг НМХГ-аас уриалж байна.

+ There are no comments

Add yours