Шүүгчдийн олонх шүүхийн хараат бус байдлыг дунд гэж дүгнэжээ

Шүүхийн хүний нөөц удирдлага, бодлого зохицуулалтын газраас Азийн сантай хамтран 2019 оны арваннэгдүгээр сард хийсэн шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийн талаарх судалгаанд хамрагдсан 26 шүүхийн 132 шүүгчдийн 60 хувь нь шүүхийн хараат бус байдал дунд зэрэг, 33 хувь нь муу, хангагдаагүй гэж хариулсан байна. Мөн энэхүү судалгааны хүрээнд 2013-2019 онд шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлд хөтлөн ирүүлсэн 51 нөлөөллийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнд цаашид нөлөөллийн мэдүүлгийн үр нөлөөг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг тодорхойлсон байна. Судалгаагаар “Шүүгч хараат бус байх нь шүүгчээс өөрөөс нь хамааралтай” гэдэгтэй судалгаанд оролцсон шүүгчдийн 96 хувь нь санал нийлжээ. Мөн улс төрд нөлөө бүхийн этгээдийн нөлөөлөх оролдлогод нөлөөллийн мэдүүлэг огт хөтөлдөггүй болох нь тогтоогдсон байна. Харин энэ шалтгаанаа судалгаанд оролцсон шүүгчдийн 13 хувь нь “Мэдүүлэг хөтөлснөөр ирж болох дарамт шахалтаас эмээдэг” гэж хариулсан байх юм. Мөн шүүгчдийн 31 хувь ачаалал их, журам заасан ажиллагааг хийх төвөгтэй гэж хариулсан нь анхаарал татаж байгаа гэж ШЕЗ-өөс мэдээлэв.

+ There are no comments

Add yours