Автомашинтай жагсаал эхэллээ

Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, “Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

Жагсагчид өглөө 08:00 цагт жагсаалаа эхлүүлсэн ба 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдэж байгаа. Гэвч жагсаал, цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байна. Тухайлбал, хоёр эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна. Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэлийг түр өөрчилснөөс бусад замд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг.

+ There are no comments

Add yours