42,000 өрх сард ₮300,000 хүрэхгүй мөнгөөр амьдарч байна

Монгол Улс 912 мянган өрхтэй. Энэ бол Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо. Тэгвэл нийт өрхийн 4.6% буюу 42,000 өрх сард 300,000 хүрэхгүй төгрөгийн орлогоор амьдарч байгааг тус хорооны судалгаа харуулж байна.

Монголын нийт өрхийн 43.3 хувийг 3-4 ам бүлтэй гэр бүл эзэлдэг бол хоёр ам бүлтэй өрх 20 хувьд хүрдэггүй. Дээрх 42,000 өрх дунджаар гурван ам бүлтэй гэж үзвэл тэр өрхүүд амьжиргааны доод түвшнээс хамаагүй доогуур хэмжээнд амь зууж байгааг харж болно. Тодруулбал, амьжиргааны доод түвшнийг Үндэсний статистикийн хорооноос 2019 онд шинэчлэн тогтоосноор Монгол Улсын хэмжээнд Төвийн бүсийнхэн 187,100 төгрөг ба хамгийн доод хэмжээнд тооцогдож буй. Гэтэл гурван ам бүлтэй өрх сард 300,000 төгрөгөөр бага орлоготой байгаа нь маш бага орлоготой байгааг илтгэнэ.

Нийт өрхийн 13 хувь буюу 118 мянган өрх 300-500 мянган төгрөгийн орлоготой байгаа бол 12.8% нь 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой байна. Үүнийг өмнөх оны мөн үе буюу 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад

  • 300,000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар
  • 500001-700000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол
  • 1,100,001-1,600,000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар
  • 1,600,001-2,100,000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар
  • 2,100,001 төгрөгөөс дээш орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны III улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 мянган төгрөг буюу 17.6% хувиар өсчээ. Гэвч нөгөө талдаа зарлага нь орлогоосоо давсан үзүүлэлт хэвээр байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 мянган төгрөг буюу 17.8%-аар өссөн байна.

 Өрхүүдийн зарлагын түвшин

Өрхийн нийт орлогын 80 гаруй хувийг цалин, тэтгэвэр тэтгэмж бүрдүүлж, харин зардлын дийлэнх нь хүнсний бус бараа, үйлчилгээнд зарцуулагддаг аж. Харин хүнсний зардлын дийлэнхийг мах махан бүтээгдэхүүн болон гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг байна.

Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох Жини коэффициент өмнөх оны мөн үе болон өмнөх улирлаас тус тус 0.011 нэгжээр буурчээ.

Орлогын ялгаатай бүлэг доторх болон бүлэг хоорондох тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс 2019 оны 3 дугаар улиралд 0.173 болж, өмнөх оны мөн үеэс 0.013 нэгж, өмнөх улирлаас 0.020 нэгжээр буурчээ.

Товчхондоо хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.0 дахин их байгааг харуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо

 

+ There are no comments

Add yours