Францын эргээс их хэмжээний кокайн илрэх болжээ

Сүүлийн өдрүүдэд Франц улсын Атлантын далайн эрэг дагуу их хэмжээний кокайн илрэх болсон нь цагдаа нарыг гайхшруулаад байгаа ажээ.

Маш сайн чанарын цэвэр кокайн өдөр бүр далайн давалгаанд шидэгдэн эрэг дээр гарч ирж байгаа гэнэ.

Атлантын эргийн дагуу 500 орчим километр үргэлжилсэн газраас нийтдээ 760 гаруй килограм кокайн бүхий ачаа илэрсэн нь хар захын ханшаар 60 сая еврогийн үнэ хүрэхийг Францын баруун эргийн Рен хотын цагдаагийн газар мэдээлжээ.

Зөвхөн Ням гарагт тус хотын ойролцоох Луар-Атлантик наран шарлагын газраас 14 кг орчим мансууруулах бодистой баглаа илэрсэн байна.

Кокайны чанар маш сайн тул олсон иргэд хэрэглэхгүй байхыг цагдаагийн газар анхааруулжээ. Учир нь цэвэр кокайныг шууд хэрэглэвэл тун хэтрэх аюултай юм байна.

Рен хотын прокурор Филип Аструк эдгээр мансууруулах бодисыг Өмнөд Америкаас гаралтай гэж үзэж байгаагаа ярьжээ.

Одоо Францын цагдаа ойрын үед Атлантын далайд хар тамхины наймаачдын хөлөг онгоц осолдсон эсэхийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажилд ойр эх сурвалжийн мэдээлснээр боодолтой кокайн нэг сарын өмнөөс эхлэн Нантес хотоос Биарриц хот хүртэл эрэг дагуу илэрч эхэлсэн гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian

+ There are no comments

Add yours