“Ерөнхий сайд асан Ж. Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байна”

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэрэг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, ЖДҮХС, Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий шүүгчид, УБТЗ-ийн дарга асан Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлжээ. Мөн удаан хугацаанд шалгагдаж байгаа дээрх хэргүүдээс гадна сүүлийн үед гарсан авлига, албан тушаалын хэргүүдийг богино хугацаанд шалгаж дараагийн шатанд шилжүүлсэн байна. Тухайлбал, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат болон тухайн яамны газрын дарга н.Доржханд нарт холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглосон гэсэн. Энэ хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Мөрийтэй тоглосон асуудал Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. АТГ-т ийм хэрэг шалгагдаагүй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан. Ц. Элбэгдорж, П. Цагаан нар Солонгос улсын иргэдийг луйвардсан асуудал шалгагдаж байгаа юу?

-“Ачит ихт” холбоотой асуудал шалгагдаж байгаа. Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна.

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг шалгах ажил ямар шатандаа байгаа вэ?

– АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямааг шалгах ажил үргэлжилж байгаа. Түүнд холбогдох нийт 20 гаруй үйлдлийг шалгаж байгаа. Зөвхөн манай байгууллагаас үл хамааран бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал бий. Үүнээс шалтгаалан хэрэг шалгах ажил удааширч байгаа.

-Бөхчүүдийн допингийн асуудлыг танай байгууллага шалгаж байгаа юу?

-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд манай мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн 109 хүнээс дахин шинжилгээ авч, Дэлхийн допингийн холбооны БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийгдэж байгаа.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлт нээгээд, шалгаж байгаа.

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байгаа. Ямар асуудал дээр шалгаж байгаа вэ?

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байгаа. Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон асуудлаар шалгаж байна. Тухайлбал, Тост тосон бумын орд болон лицензтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа.

-УИХ-ын найман гишүүн ЖДҮХС-гаас зээл аван өндөр хүүтэй хадгалуулж байсан мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Энэ найман гишүүнтэй холбоотой асуудлыг танайх шалгаж байгаа юу?

-ЖДҮХС-тай холбоотой найман гишүүн гэсэн мэдээлэл тараад байгаа. УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долоодугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. Үүнд ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг.

Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байгаа. Найман УИХ-ын гишүүн гэдэг зүйл байхгүй.
ЖДҮХС-гаас зээл олгосон, эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байгаа.

Үүнээс гадна авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэг тусдаа байгаа. Энэ нь бага хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан асуудал юм. Үүнд

“Уран Сэлэнгэ” ХХК

“Цагийн эрч” ХХК

“Грийн тауэр” ХХК

“Намжсод” ХХК

“Цамбагарав трейд” ХХК

“Эс Эл Эм И” ХХК

“Жигүүрт хөсөг” ХХК

“Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан.

Эдгээр хүмүүс ажил нь бүтээгүй учраас мөнгө байлгаж байхаар өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэж тайлбар өгсөн. Энд мөнгө угаах гэмт хэрэг гэдэг асуудал яригдаагүй. Мөнгө угаах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгасан. Ийм асуудал тогтоогдоогүй. Харин зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал яригдаж байгаа. Зарим аж ахуй нэгжтэй холбоотой асуудлын талаар ЖДҮХС-д мэдэгдэл хүргүүлсэн.

ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГ ХИЛИЙН ЧАНАДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙГАА ТУХАЙ АТГ-Д МЭДЭГДСЭН

Прокурор асан Д.Дорлигжавын хэрэг шалгагдаж байгаа юу?

–Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн?

-“Салхитын мөнгөний орд”-той холбоотой зургаан шүүгчийн асуудлыг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Зөвхөн Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Бусад шүүгч нарыг өөр гэмт хэрэгт холбогдуулаад шалгаж байгаа асуудал бий. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс гадна өөр бусад гэмт хэрэгт холбогдсон шүүгчдийг шалгах ажил явагдаж байгаа.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чанадад байгаа гэсэн мэдээлэл бий?

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чанадад эмчилгээ хийлгэж байгаа тухай АТГ-д мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, албан ёсоор мэдэгдээд явсан гэсэн үг.

-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч?

-Хөгжлийн банктай холбоотой олон асуудал бий. Хөгжлийн банк гээд дангаараа хэрэг байхгүй. Тус банкны санхүүжилт түүнээс гарсан зээлтэй холбоотой асуудлууд шалгагдаж байна. Энэ хүрээнд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг Худалдаа хөгжлийн банкнаас 27.8 тэрбум төгрөгөөр байр авсан гэх асуудал хэвлэлээр гарч байсан. Энэ хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.

-С.Төмөрбат шүүгчийг хилийн чанадаас авчирсан уу?

-С.Төмөрбат шүүгчийг авчрахаар ажиллаж байгаа.

+ There are no comments

Add yours